Батлагдаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй ч хэрэгжих боломжгүй, боломжтой хэмээн талуудын маргааны бай болсоор ирсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэв.
“Урт нэрт”-ийг хүчин төгөлдөр болсноос хойш ЭБЭХЯ, БОАЖЯ, Ашигт малтмалын газрынхан хуулийн хэрэгжилтэд хамрах газар нутгийн хэмжээг тодорхойлох гэж хэрдээ хичээсэн юм байх. Тэгсэн Монголын бүх аймгийн 314 сумын 89049.49 ам.км талбай усны сан бүхий газарт, 18 аймгийн 215 сум ойн сан бүхий хамгаалалтын бүсэд багтах дүн гарчээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжих боломжгүй гэж УИХ-ын гишүүдийн олонх үзсэн тохиолдолд нөхөх олговорт таван их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан юм билээ.
Я.Батсуурь, Д.Батбаяр, О.Чулуунбат, А.Тлейхан, Х.Баделхан, Ж.Батсуурь нарын санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Урт нэртэй хуулиар хориглогдсон газруудад ашигт малтмал олборлохыг хориглох бодлого баримталж буйгаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх, түүнд шаардлагатай зардлыг тухайн компаниар гаргуулах харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 38.3, 39.3 дахь заалтаар зохицуулсан гэдгийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн байна.
“Монгол Улсын нийт газар нутгийн 58 хувь нь орон нутгийн болон төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд багтсан учир заавал “урт нэртэй” хуулийн хатуу болзлыг тулгахгүйгээр асуудалд уян хатан хандаж болно. Уул уурхайн салбараас манай улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж 2009 оны байдлаар ДНБ-ий 22, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 65, экспортын 84 хувийг эзлэх болсон” гэж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тайлбарлав. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ оны эхээр өргөн барьсан ч гурван удаа хэлэлцэхийг хойшлуулжээ.
Энэ удаа ч эсэргүүцэлтэй тулав. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Р.Буд, Ц.Шинэбаяр нар хуулийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, түүнд учирсан хүндрэл бэрхшээлийн талаар Засгийн газрын мэдээллийг эхлээд сонсох хэрэгтэй. Тэгэхгүйгээр УИХ-ын хэдэн гишүүн, сонин хэвлэлд гарсан мэдээллийн мөрөөр “хөөрцөглөх” хэрэггүй гэсэн байр суурьтай байв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний долоо нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХын чуулганаар хэлэлцэхийг зөвшөөрлөө.
Э.ТӨР