“Урт нэртэй” хуулийг хамгаалагч гишүүн Г.Баярсайхан, Б.БатЭрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлаар УИХ-ын дарга дээр цаг авч орлоо гэсэн мэдээлэл өчигдөр үдээс хойш Төрийн ордноор түгэв. Д.Дэмбэрэл даргын өрөөний үүдэнд хэвлэлийнхэн цаг гаруй хүлээсний эцэст дөрвөн гишүүн гарч ирэн Д.Зоригтыг огцруулах асуудлыг энэ удаа тавьсангүй, түүнийг нээлттэй үлдээлээ гэцгээв. “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан гишүүдийг саналаа татаж авахад “нөлөөлөх”, төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулж (өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон) намын бүлгүүдээр нухацтай ярилцах ёстой гэж спикерт ухуулсан байна.
“Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах төсөл батлагдсан тохиолдолд Засгийн газрыг Олон улсын экологийн шүүхэд өгнө гэдгээ Г.Баярсайхан мэдэгдлээ. Энэ дөрвөн гишүүнтэй С.Бямбацогт, Д.Ганхуяг, Л.Гүндалай нар нэгджээ. “Уул уурхайн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй эрэл, хайгуул, олборлолтыг дагаад Монгол Улсад нүүрлээд буй байгаль, экологийн сүйрэл, нөхөн сэргээлтийн ажил нь яригдах сэдвээс давж бодит ажил хэрэг болж хэрэгжихгүй байна. Уг асуудлыг эрх зүйн аргаар шийдвэрлэх нэг гарц болсон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг саармагжуулах, хуулийг хүчингүй болгох элдэв санаа, сэдэл газар авч байгааг УИХ анхааралдаа авах цаг болсон байна гэж тэд үзэж байгаа юм.
Ингээд олныг нуршилгүй долоон гишүүний УИХ-ын даргад хүргүүлсэн хүсэлтийн гол санааг товчлон хүргэе.
Нэг. Уул уурхайг даган өрнөж буй бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага, зөв бодлого, оновчтой төлөвлөлтөөр хангах үүрэг бүхий бүтцийг төрийн удирдлагын тогтолцоонд бий болгож, үйл ажиллагааг нь нэн даруй эхлүүлэх. Ялангуяа цаг алдалгүй нүүрсний экспортын үнэ, тээврийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор зохицуулах. Энэ хүрээнд УИХ-ын бүтцэд бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн түр хороог, Засгийн газрын бүтцэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн яамыг тус тус байгуулах;
Хоёр. Өмнийн говьд байгаль орчин сүйдэж, иргэдийн эрх ашиг хохирч, хууль журам зөрчигдөж буй асуудлыг цэгцлэх үүргийг төр, засгийн холбогдох байгууллагуудад УИХ-ын тогтоолоор хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хаврын чуулганы төгсгөлд УИХ-д танилцуулах;
Гурав. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн заалтын дагуу Монголын ард түмний оршин амьдрах үндэс болсон байгаль орчин, эко системд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээхэд гарах бодит зардлыг аргачлалын дагуу тооцож, уг хуультай холбоотой нэр бүхий компаниудаас нэхэмжилж буй нөхөн олговортой уялдуулан, оруулсан хөрөнгө оруулалт, төлсөн татварын хэмжээг холбогдох байгууллагуудаар баталгаажуулж аж ахуйн нэгж бүрээр гарган УИХ-д танилцуулах;
Дөрөв. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын асуудлыг стратегийн бүтээгдэхүүний хувьд төр анхааралдаа авч, нефть бүтээгдэхүүн боловсруулах үндэсний үйлдвэрлэлийг бий болгох асуудлыг ажил хэрэг болгож эхлүүлэх хугацаатай үүргийг Засгийн газарт өгч биелэлтийг УИХ-ын намрын чуулганд танилцуулах;
Тав. Гаднын томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлөх оролдлого хийж буй эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан Ажлын хэсэг томилж, шалгуулан УИХ-д танилцуулах зэрэг асуудлаар УИХ-аас хаврын чуулганы хугацаанд багтаан холбогдох шийдвэрүүд гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье гээд Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар гарын үсгээ зурсан байна.
Го.ЭНХТӨР