Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх зохион байгуулалттай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг УИХ хэлэлцэж байна. Тэгэхдээ улс төрийн чанартай зарчмын асуудлуудаа түр хойшлуулчихаад байгаа юм. УИХ дахь намын бүлгүүд хэдийгээр сонгуулийн холимог тогтолцоотой байхаар санал нэгдсэн ч үүн дээр пропорциональ, мажоритар систем нь ямар харьцаатай байхыг шийдсэнгүй удав. АН-ынхан 50:26 хувилбар дээр хатуу зогсохоо мэдэгдсэн бол МАН тодорхой шийдвэргүй, Удирдах зөвлөлийнхөө чиглэлийг харзнаж байгаа. Энэ асуудлаар гишүүдийн хувийн байр суурийг сонирхож, “Сонгуулийн холимог тогтолцоо доторх аль хувилбарыг дэмжих вэ” гэсэн асуулт тавилаа.
Пропорциональ давуу хувилбарыг дэмжинэ Д.Энхбат (ИЗ-НН-ын дарга)
-Бид бол 100 хувь пропорциональ тогтолцоог дэмжиж байсан. Мажоритар тогтолцоо улс төрийг их савлуулдаг, мөн өнөөдөр улс төрийн намууд тогтворжсон. Ийм хоёр шалтгаанаар пропорциональ тогтолцоог дэмжсэн. ИЗ-НН бол тав, АН 10 гаруй, МАН 2-3 намын нэгдэл болсон. Ийм нөхцөлд хувь тэнцүүлсэн тогтолцоог сонголоо гээд УИХ-д олон нам орж ирэхгүй. Ард түмэн намуудыг ялгадаг болсон, улс төрийн шинэчлэлээ одоо хийх ёстой. Гадаадад байгаа 100 гаруй мянган иргэнээ сонгуульд оролцуулах ёстой, эмэгтэйчүүдийн асуудлыг ч уг тогтолцоо сайн шийдэж чаддаг. Тиймээс бид уг тогтолцоонд тавих босгоос үл хамаараад дэмжиж байгаа. Гэвч Монголын улс төр мажоритараас шууд 100 хувь пропорциональ тогтолцоонд шилжих амаргүй. Тиймээс пропорциональ нь давамгайлсан 50:26 хувилбарыг зарчмын хувьд авч болох юм гэж үзсэн. Өнөөдрийн нөхцөлд энэ хувилбарыг оруулж ирвэл бид дэмжинэ. Харин мажоритар нь давамгайлсан хувилбарыг дэмжихгүй.
Тохиролцож чадалгүй 2008 оны тогтолцоон дээрээ буух биз З.Алтай (Бие даагч гишүүн)
-Пропорциональ тогтолцоог сонговол сонгогчдын санал илүү тусна, арай шударга болно. Гэвч өчигдөр (уржигдар) МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад 24:52 гэсэн хувилбар дээр тогтсон тухай мэдээллийг өнөөдөр би авлаа. Нөгөө 50:26 гэсэн хувилбар үгүй болох нь. АН-ынхан болохоор 50:26 дээр хатуу зогсоно гэж байгаа. УИХ-ын хаврын чуулган хуулийн дагуу долдугаар сарын 1 гэхэд завсарлах ёстой. Гэтэл хоёр нам нь гол зарчим дээрээ өөр байр суурьтай байгаа учраас тэр болтол үүнийгээ шийдэж чадахгүй нь. Удирдах зөвлөлүүд нь өөр шийдвэр гаргачихаад байна шүү дээ. Намрын чуулган эхэллээ гэхэд бас л тохиролцох хэцүү, арай гэж нэг хувилбар гаргахаар нь Ерөнхийлөгч түүнд нь хориг тавина. Ингээд хуульд өөрчлөлт оруулах хугацаа дуусах төлөв л надад ажиглагдаад байна. Тиймээс 2008 оны хувилбараараа л үлдэх байх. Хэрэв тохиролцож чадвал 50:26 гэсэн хувилбар нь арай дээр.
Тойргийн системийг дэмжинэ Ж.Батсуурь (МАН-ын гишүүн)
-Үндсэн хуулийн дагуу сонгогчид УИХ-д төлөөллөө шууд сонгох ёстой. Монгол Улс засаг захиргааны олон нэгжтэй. Тиймээс би мажоритар хувилбар давамгайлсан хувилбарыг дэмжинэ. Удирдах зөвлөлөөс 24:52 хувилбарыг санал болгосныг дэмжиж байгаа.
Пропорциональ давамгайлах учиртай Г.БаЯрсайхан (АН-ын гишүүн)
-Манай бүлгээс 50:26 хувилбар дээр санал нэгдсэн. Би ч бас пропорциональ давамгайлсан хувилбар байх ёстой гэж үзэж байна. МАН-ынхан 24:52 гэсэн хувилбар ярьж байгаа бол тохиролцоход хэцүү л болно. Зарчмын асуудлаар хоёр нам ийм хол зөрүүтэй байгаа үед Сонгуулийн хуулийг батлах ажил намрын чуулган хүртэл сунжирч, сүүлдээ хуучин мажоритар тогтолцоогоор үлдэж мэднэ.
С.ТУУЛ