УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Д.Энхбат нараас Ерөнхий сайдад тавьсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулгын хариуг сонслоо.
“Урт нэртэй” хуулийг санаачлагч Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын гишүүн хуулийн хэрэгжилтийн талаар гуравдахиа асуулга тавьсны эцэст хариултаа авсан нь энэ юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээлснээр хууль батлагдсанаас хойш тусгай зөвшөөрөлтэй 246 аж ахуйн нэгжээс 185 компанийн лицензийг цуцалж, 26 уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна.
“Урт нэртэй” хууль гарснаас хойш 192 тусгай зөвшөөрөл олгосон хэ мээн зарим гишүүн Ашигт малтмалын газрын даргыг буруутгасан ч тус газрын дарга Д.Батхуягийн өөрийн нь хэлж буйгаар энэ хугацаанд нэг ч зөвшөөрөл олгоогүй гэнэ. Үндэслэлгүй гэх энэ мэдээллээс болж Авлигатай тэмцэх газраар шалгуулж буйгаа тэрбээр хэлэв.
Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нар “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахын эсрэг, хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө тууштай ажиллахаа мэдэгдсэн юм.