Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав Франц Улсын Гадаад болон Европын хэргийн яамны Азийг хариуцсан байнгын бус Элчин сайд Валад Жак тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Францын Аллиэр муж, Рубрук тосгон зэрэг орон нутаг манай Өвөрхангай, Ховд аймагтай хамтран ажиллаж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав баяртай байгаагаа илэрхийлээд бусад орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэлээ.
2010 онд Францын Ерөнхийлөгч манай улсыг Ази тив дэх “Тусгай түнш”-ээ хэмээн тодорхойлсон. Энэ түншлэлийг бататгах, яриа хэлэлцээг орон нутгийн шууд хамтын ажиллагааны түвшинд тогтмолжуулах, өргөтгөх, харилцааны эрх зүйн үндсийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж тэрээр хэлэв. Цаг зав гарган хүлээн авч харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад ноён Валад Жак талархал илэрхийллээ. Монгол, Францын хамтарсан төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, соёлын өвийг хамгаалах, шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрээр хэлэв.
Түүнчлэн орон нутаг хоорондын хамтын ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг боловсруулах, хамтран хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрөө тодорхойлж, Засгийн газар хоорондын болон орон нутгийн удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах санал гаргасан байна. Энэ саналыг дэмжиж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав илэрхийлээд үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт уламжилна гэлээ.