Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал тус улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгоос эхэллээ. Монгол Улс Хонконгод Ерөнхий консулын газраа нээх ёслолд тэрбээр оролцов. Энэ үеэр МИАТ ХК-ийн төл өөлөгчийн газар мөн нээлтээ хийлээ. Ерөнхий сайд С.Батболд тууз хайчилсны дараа Хонконгод салбартай дэлхийн хэвлэл мэдээллийн зарим агентлагийн сурвалжлагчид түүнээс ярилцлага авлаа. Монгол Улс Хонконгод Консулын газраа нээж, иргэний нислэгийн компанийн суурин төлөөлөгчөө ажиллуулж байгааг гадаадын сэтгүүлчид эдийн засгийн агуулгатай томоохон үйл явдал хэмээн үзэж байгаа аж.
С.Батболд “Монгол Улсын Ерөнхий консулын газар, МИАТ ХК-ийн төлөөлөгчийн газрыг дэлхийн санхүүгийн томоохон төв Хонконгод нээж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, иргэд хоорондын харилцааг дэмжиж байгаа хэрэг юм. Монгол Улс бол ашигт малтмалын арвин нөөцтэй орон. Бид нөөц баялгаа эргэлтэд оруулж, Монголын хөрөнгийн биржийг дэлхийн төвшинд хүргэхээр зорьж байгаа энэ цаг үед Хонконгтой ойр ажиллах нь манай улсын эдийн засгийн ирээдүйн хөгжилд ач холбогдолтой гэж үзэж байна” гэж гадаадын хэвлэлийнхэнд хэллээ. Хонконгод суугаа Монгол Улсын Ерөнхий консул Я.Ариунболд монгол иргэд Хонконгод аялж зорчих, сурч боловсрохтой холбоотой аливаа хэргийг эрхлэн явуулахаас гадна хоёр талын эдийн засгийн харилцаанд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Монголтой хамтран Хонконгийн хөрөнгийн бирж дээр санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани засаг захиргааны онцгой бүс Хонконгод бүртгэлтэй байдаг аж. Монголоос Хонконг руу зорчсон монголчуудын тоо зөвхөн сүүлийн гурван жилийн байдлаар 32 мянга давсан байна. МИАТ ХК төлөөлөгчийн газраа энд нээхээс өмнөх 14 хоногт Улаанбаатар Хонконгийн чиглэлийн дөрвөн удаагийн нислэг сул суудалгүй байсныг Ерөнхий консул тэмдэглэв. Ерөнхий сайд С.Батболд өчигдөр үдэд БНХАУ-ын нийслэл Бээжинд хүрэлцэн ирж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуотой албан ёсны уулзалт хийв. Тэрбээр өнөөдөр Монгол, Хятадын бизнес форумд оролцоод, Бээжингийн Фань Шань дүүргийн Яньшань нефть боловсруулах үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар пүрэв гаригт албан ёсны хэлэлцээ хийнэ.