Онлайн нам байгуулагдсан тухай сонирхолтой мэдээлэл цацагдаж эхэлжээ. Интернэт хэрэглэгч хэн бүхэн дэлхийн аль ч өнцгөөс уг намд элсэж, үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй гэнэ. Гэхдээ тэд одоогийн улс төрийн намууд шиг Дээд шүүхэд бүртгүүлж, биет бичиг цаас бүрдүүлж, гарын үсэг цуглуулахгүй. Энэ талаар тус намыг санаачлагч О.Чулуунбаатараас тодрууллаа. Тэрбээр судлаач мэргэжилтэй, УИХ-ын гишүүн З.Энхболдын зөвлөхөөр ажилладаг байсан, эдүгээ АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд энэ чиглэлээрээ улс төрийн менежментийн магистрантурт сурч буй аж
-Манайд biznetwork.mn гээд бизнес эрхлэгч залуус сонирхлоороо нэгдсэн цахим хуудас байдаг даа. Үүний адилаар улс төрийн facebook маягийн цахим хуудас ажиллуулах гэж байгаа юм. “E-party” нэртэй цахим хуудас болохоос яг нам биш л дээ. Улс төр сонирхдог залуус уг цахим хуудаст бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулаад улс төрийн талаарх санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа. Залуус хүсвэл хоорондоо бүлэг байгуулаад ажиллаж болно.
Манай “E-party”-д нэгдэх залууст намын харьяалал хамаагүй.
-Олон улсад иймэрхүү улс төрийн онлайн нам байгуулж ажилладаг жишиг байдаг уу?
-АНУ-д “Tea party” буюу “Цайны нам” нэртэй хөдөлгөөн байдаг. Үүнтэй ижил бүтцээр ажиллана. Бүх үйл ажиллагаа онлайнаар өрнөнө. Одоо залуус их завгүй болсон. Өөрийн бизнес, ажил гээд тэдэнд улс төрийн бодлогын талаар саналаа хэлээд, Сүхбаатарын талбайд жагсаад явах цаг алга. Тэгвэл одоо ажлаа хийнгээ интернэт хуудсаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх болно.
-Бүртгэлээ хэзээнээс эхлэх вэ?
-Бид www.eparty.mn домен эрхээ авсан. Нэгдэх хүсэлтэй хүмүүстэй уулзаад явж байна. Долдугаар сарын 1 гэхэд ажлаа цэгцлээд бүртгэлээ эхлэхээр төлөвлөсөн.