Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хоёр дахь өдөр Сан Франциско хот дахь Стэнфордын их сургуульд зочилсон юм. Одоогоос 120 жилийн өмнө Калифорни мужийн захирагч асан Леланд Стэнфорд хүүгийнхээ дурсгалд зориулан байгуулсан тус сургууль өдгөө АНУ төдийгүй дэлхийд дээгүүр (хоёрт) эрэмбэлэгддэг дээд чанартай сургууль болжээ. Стэнфордын их сургууль нь долоон сургууль, 1800 факультеттэй бөгөөд техник технологи, инженер, анагаахын сургуулиуд нь улсдаа тэргүүлдэг байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол оюутнуудыг инженер, сэргээгдэх эрчим хүч, техник технологийн сургуулиудад суралцуулах хүсэлтэй байгаагаа тус сургуулийн ерөнхийл өгч Жон Хеннесид хэлсэн юм.
Ноён Жон Хеннеси “Бид монгол оюутнуудыг дуртайяа хүлээн авна. Манай сургуульд нэг, хоёр л монгол оюутан бий. Гэхдээ таван жилийн өмнө нэг бүсг үй маш амжилттай суралцаж төгссөн. Монгол оюутнууд их хөдөлмөрч, сурах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд тэдний сонирхол, хандлага маш өөр байдаг” хэмээн ярьсан. Түүнчлэн уул уурхайгаа түшиглэн хөгжиж буй Монгол орон өргөн уудам газар нутагтай, говийн бүсэд нарны тусгал сайн, салхи ихтэй тул сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангах нь чухал болохыг тэрбээр хэлсэн. Тус сургууль 750 сая ам.долларыг байгаль орчноо хамгаалах ажилд зарцуулдаг байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч тус сургуулийн дэлхийд алдаршсан Олон улс судлалын төвд ардчилал, хүний эрх, хуулийн чиглэлээр ажилладаг профессор Койт Блэйкер, Ларри Даймонд, Францис Фүкүяма, Стефен Крэйснер, Беатрис Магалони зэрэг алдартай эрдэмтэдтэй уулзаж, ардчиллын хөгжлийн талаар санал солилцсон. Тухайлбал, Францис Фүкүяма нь либерал ардчилсан нийгэм, түүний хүмүүст үзүүлэх нөлөөний талаар бичсэн “The End of History and the Last Man” номоороо алдартай бөгөөд өдгөө Стэнфордын их сургуулийн сургалтын хөт өлбөрт түүний бичсэн олон номыг ашиглаж буй. Францис Фүкүяма “Монголын ардчилал хамгийн үр дүнтэй, жишээ болохуйц загвар юм.
Ялангуяа шилжилтийг үнэхээр амжилттай хийсэн. Танай улс Хятад, Орос гэсэн хоёр гүрний дунд байдаг. Хятад улсын эдийн засгийн хөгжил, нөлөөлөл хүссэн хүсээгүй маш хүчирхэгжиж байгаа. Тиймээс Хятадтай ямар харилцаатай байх, ардчиллын тогтвортой байдлаа хэрхэн хадгалах вэ гэдэгт анхаарах нь чухал” хэмээн ярьсан. Түүнчлэн уул уурхайн баялаг авлигыг заавал дагуулдаг тул түүнээс ангид байхад анхаарах хэрэгтэйг дээрх эрдэмтэд сануулан хэлж Канад, Австрали, Норвеги зэрэг орны туршлагаас судалж, суралцах хэрэгтэйг мөн сануулж байсан. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын бүрэлдэх үүний хамт “Hoover” хүрээлэнд зочилж, АНУын төрийн нарийн бичгийн дарга асан Жорж Шульцтэй уулзаж ярилцсан юм.
Ерөнхийлөгч Google-д зочлов
Тэрбээр 25 жилийн өмнө Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол оронтой харилцаа тогтоох ажлыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Жорж Шульцыг Алтан гадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгч гардууллаа. Сан Франциско хотын “Silicon valley” тус хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй газар. Энд Google, Yahoo гэх мэт техник технологийн томоохон компаниуд бий. Ерөнхийлөгч эрдэмтэдтэй уулзсаныхаа дараа “Google” компанийг зорьсон. Тус компанийн Сан Франциско дахь салбар 7500 ажилтантай бол дэлхий даяар тархсан 60 орчим салбарт нь нийт 26000 хүн ажилладаг байна.
АНУ-ын интернэт хэрэглэгчдийн 72 хувь нь Google-ээр аялдаг гэсэн судалгаа гарчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтынхаа үеэр Монголд “Silicon valley” үүсгэхтэй холбоотой хэд хэдэн чухал асуудлыг тус компанийн удирдлагуудтай хэлэлцсэн. Юуны түрүүнд Google-ийн дата төвүүдийг Монголд байршуулах асуудлыг хөндөв. Учир нь Орос, Хятад хэмээх хоёр том гүрний дунд байгаа манай оронд ийм төвүүдийг байгуулах нь стратегийн хувьд ач холбогдолтой гэдгийг тэмдэглээд Google translate буюу интернэтэд байршиж буй дурын агуулгыг монгол хэлнээс бусад хэл рүү орчуулах ажлыг эхлүүлэх тухай онцоллоо. Хятад, Оросыг холбосон томоохон шилэн кабель Монгол Улсаар дамжиж буй.
Энэ сүлжээний дагуу Лондон, Хонконгийг холбосон кабелиар Google-ийн графикийг дамжуулах асуудлыг хөндсөний дараа Судалгааны багийнхныг ирэх есдүгээр сард Монголд ирүүлэхээр тохиров. Монголын интернэт хэрэглээний нэг жилийн хэрэгцээ 2.5 гега байдаг бол Лондон, Хонконгийг холбосон дээрх кабель нь үүнээс дөрөв дахин илүү хүчин чадалтай аж. Калифорни болон баруун эргийн мужуудад монголчууд хамгийн олноор амьдардаг. Түүнчлэн энэ бүс нутагт АНУ-ын хамгийн алдартай их, дээд сургуулиудаас гадна мэдээллийн технологийн үйлдвэрлэл төвлөрсөн газар юм. Ази, Номхон далай руу харсан худалдаа эдийн засгийн энэхүү чухал цэгт Монголын Ерөнхий консулын газар өчигдөр нээлтээ хийсэн нь АНУ-д амьдарч буй монголчуудын хувьд чухал үйл явдал болов.
Сан Франциско хотод байгуулагдаж буй Ерөнхий консулын газрын нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тус хотын захирагч Эдвин М.Ли болон бусад төлөөлөгч оролцлоо. АНУ-д албан бус тоогоор 20-30 мянган монгол иргэн ажиллаж амьдардаг. Тиймээс удахгүй Вашингтонд ч консулын газраа нээхээр төлөвлөжээ. Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сан Франциско хотод хийх уулзалтуудаа дуусгаад Вашингтон хотыг зорилоо.