Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Вашингтонд ирээд хамгийн түрүүнд Арлингтон хотод байдаг Үндэсний оршуулгын газар очиж, цэцэг өргөв. Цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагаанд тэргүүн хатагтай Х.Болормаа болон айлчлалаар ирсэн төлөөлөгчид оролцлоо. Энэ газарт Америкийн хувьсгалаас эхлээд тус улсын түүхэн дэх бүхий л дайнд оролцож, амь үрэгдсэн 300 гаруй мянган дайчны дурсгал байдаг бөгөөд өдөрт дунджаар 28, жилд 6400 орчим оршуулгын ёслол болдог гэнэ. Үүнээс хамгийн алдартай нь Нэр нь үл мэдэгдэх дайчдын бунхан. Уг бунханд дэлхийн I дайнаас гадна дэлхийн II болон Солонгос, Вьетнамын дайнд амь үрэгдсэн, нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлжээ. Эх орныхоо төлөө амиа өргөсөн дайчдын оршуулгын газрыг АНУ-ын явган цэргийн гуравдугаар хорооныхон 24 цагийн турш нүд салгалгүй харж, хамгаалдаг бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг цэцэг өргөх үеэр жагсаж, хүндэтгэл үзүүлэв. Дараа нь Волтер Рийдийн нэрэмжит цэргийн эмчилгээний төвд Ерөнхийлөгч саатлаа.
Энэхүү төв нь цэргийн онцгой хамгаалалттай газар тул хүмүүсийг тэр болгон оруулаад байдаггүй аж. Энэ өдөр АНУ-ын Худалдааны танхимын ерөнхийлөгч Т.Донохью Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн хүлээж авав. Түүнчлэн Ерөнхийлөгчийг дагалдан яваа бизнесийн тө- лөөллүүд АНУ-ын худалдааны танхимынхантай уул заж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийв. Монголын уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба “Бид нүүрсийг бүрэн боловсруулах талаар нэлээд шинэ зүйл сонслоо. Монголчууд нүүрсийг шатааж, зөвхөн дулаан, цахилгаан гарган авдаг бол энд маш олон төрлийн түүхий эд гарган авах шинэ технологиуд нэвтэрчээ. Ялангуяа, нүүрснээс шингэн болон хийн түлш гарган авах нь агаарын бохирдлоо давхар шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Тиймээс энэ технологийг нутагшуулахын тулд бид хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байна” гэв. “Мобиком” корпорацынхны “Apple”-ийг Монголдоо нэвтрүүлэх уулзалт амжилттай боллоо. “Мобиком”-ынхон тус компанид өмнө нь удаа дараа хүсэлт тавьж байсан ч Энэтхэг, Хятад, ОХУ-ын томоохон зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул үйлчилгээгээ Монголд нэвтрүүлэх хараахан боломжгүй байна гэсэн хариу өгч байсан бол энэ удаа нааштай хариу өгч, харилцан судалгаа хийхээр амлав.
Дэлхийн шилдэг технологи бүхий I Phone гар утсыг хэрэглэгч манайд олон ч утасныхаа ид шидийг үзэж чаддаггүй. Тэгвэл “Apple”-ийг зочлуулснаар бүхий л үйлчилгээг авах боломжтой болох юм. Энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Конгресс дахь Америк, Монголын найрамдлын бүлэг буюу “House democracy partnership” хөтөлбөрийн гишүүдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулсан. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бейнертэй уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол орон эдийн засаг болон нийгмийн ардчиллыг зэрэг шинэчилж чадсан цорын ганц улс. Өдгөө хамгийн үр дүнтэй, тунгалаг ардчилсан нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоотой болж чадсан” хэмээн онцлов. Энэхүү уулзалтыг Вашингтон хот дахь хэвлэл мэдээллийн 10 гаруй хэрэгсэл сурвалжиллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзана.