Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дэлхийн томоохон гүрнүүдийг “хэсэн” дөрөө мултлах завгүй айлчилж яваа долоо хоног өнгөрч байна. Төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монголын бизнесменүүд АНУын бизнес эрхлэгчидтэй ашигтай наймаа хийж, өмнө нь “Уучлаарай” гэсэн хариу сонсож байсан хүсэлтдээ энэ удаа Ерөнхийл өгчийн нүүрээр “Харилцан судалгаа хийе” гэсэн хариулт авч буйгаараа онцлог.
Харин Засгийн газрын тэргүүн өмнөд хөршийн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай гурав дахь удаагаа гар барин уулзав. Хятадын Төрийн зөвлөлийн дарга манай Ерөнхий сайдад “Лоозон шинжтэй харилцаагаа халж, бодитой болгоё” гэсэн санал дэвшүүлж, 60 сая юанийн буцалтгүй тусламжаар бэлэг барилаа, бидэнд. Эрхэм хоёр даргын эзгүй хойгуур энд юм юм л болж өнгөрлөө. Хомсдолоор далимдуулан дизель түлшний үнийг 2600 төгрөг болтол хөөрөгдөж, халаасаа хангалттай түнтийлгэсэн импортлогчид одоо АИ-92 бензинээ хязгаартай олгож эхэллээ. Сав нь дундраагүй байхад сургаар үнээ нэмчихээд “Нөөц багасаж байгаа” гэсэн байж боломгүй хариулт өгөв.
Энэ бол үндсэндээ зохиомол гамшиг байлаа. Шунал ихэдвэл шулам болно гэдэг. Нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгг үй, үргэлж бусдаас бадар барьдаг улс орноо, ядарсан түмнээ шулж олсон ашиг нь “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг томоохон компанийн удирдлагуудад хоол болдог л юм байх даа. Өнгөрч буй долоо хоногт олны анхаарлыг татсан бас нэг үйл явдал бол Их тэнгэрт хүн, малын халдварт боом өвчин гарсан тухай мэдээ юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг эзгүй хойгуур өргөө ордонд нь шахуу малаас хүнд халддаг өвчин гарлаа. Энд тэнд малын халдварт өвчин гарахад тоогоогүй явж ирсэн, Хэнтий, Дорнодын малчдын малыг төрийн нэрээр шууд буудан булж байхад юу ч болоогүй мэт явсан төр, засгийн тэргүүн нар маань энэ удаа боом гэж юу болохыг уг нь биеэрээ мэдрэх байв.
Гэвч тэдний аз болоход эзгүй хойгуур нь ийм хэрэг боллоо. Гэхдээ энэ бол сануулга. Өвчний нян дээдэс, доодсыг ялгах биш дээ. Боомтой барьцсан мэт үер хэмээх байгалийн гамшиг сонгинохайрханчуудад нүүрлэж, нийслэлийнхнээс гэнэтийн шалгалт авлаа. Дүн нь “Муу”. “Далан шуудуугаа цэвэрлэчихлээ” хэмээн долоохон хоногийн өмнө гайхуулж байсан нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нүүрээ хаашаа хийх болоо гэдэг харин сонин юм даа.