Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай өчигдөр Цагаан ордны Зууван танхимд уулзлаа. Барак Обама Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх орондоо тавтай морилохыг уриад монголчуудын ардчиллыг олж авах, түүнийгээ хэрэгжүүлэх арга зам, туршлага болон сүүлийн жилүүдэд олсон амжилтыг гайхаж, биширдгээ уулзалтын эхэнд илэрхийлэв. “Таныг лидер хүний хувьд улс төрийн тавцанд хэрхэн гарч, улс орноо яаж удирдаж, Ерөнхийлөгч болтлоо ямар зам туулж ирсэн түүхийг сонирхсон. Бидний харилцаа жилээс жилд иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, улам сайжирч байгаад сэтгэл хангалуун байдаг. Бид Монгол Улсын гурав дахь хөрш болсондоо баяртай байдгийг онцлон хэлмээр байна. Хоёр орны хамтын ажиллагаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанаас гадна олон улсын бусад байгууллагын хүрээнд нэг нэгнээ дэмжиж ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн тэр хэлэв.
Манай улсын ардчиллыг эхнээс нь дэмжиж, бүх талын дэмжлэг үзүүлж ирсэнд талархдагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь илэрхийлээд “Бид хамтын ажиллагаагаа худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү хөгжүүлэх сонирхолтой байна. Өнөөдөр бид “Бойнг” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнээс гадна Америкийн нэр хүндтэй, томоохон компаниуд Монголыг сонирхож байгаа нь бидний хүсэлд нийцэж байна” гэв. Манай Ерөнхийлөгч Вашингтон хотод ирмэгцээ Арлингтон дахь дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Волтер рийдийн цэргийн эмнэлэгт очин, дайнд оролцож шархадсан цэрг үүдэд хүндэтгэл үзүүлсэнд Барак Обама талархаж байгаагаа илэрхийллээ. Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийн тулд Худалдааны ил тод байдлын гэрээ байгуулах нь маш чухал бөгөөд худалдаа, эдийн засгийн харилцааг баталгаажуулах гол баримт болно гэв. Манай улс ирэх долдугаар сараас Ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийг даргалах гэж байгаа явдлыг Барак Обама дэмжиж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч дэд бүтцийн салбартаа сэргээгдэх эрчим хүчийг дэмжих аж.
Ялангуяа Монгол орон сэргээгдэх эрчим хүчний ихээхэн бололцоотой тул тэрбээр манай оронтой энэ салбарт хамтран ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлснээс гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тэргүүлэгч технологи бүхий компаниуд Монголыг судалж буй гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. Эцэст нь хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалыг тогтмол байлгах нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах чухал түлхэц болно гэдэгт хоёр Ерөнхийлөгч санал нэгдэв. Түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарын Монголд хийх айлчлалыг энэ онд багтаах асуудлыг баталгаажуулсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Барак Обамаг эх орондоо урилаа. Ерөнхийлөгч Ц.Элбгдоржийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өчигдөр таван баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ талаар дараагийн дугаарт мэдээлэх болно.


