СҮЙТГЭХ ЗАМ
Ленин нам хоёр ихэр төрсөн ах дүүс юм. Ленин гэж хэлээд намаа бид дурсдаг, нам гэж ярихаар Ленинээ бид санадаг гэсэн утгатай нэг шүлгийг социализмын үе цээжлүүлдэг байлаа. Тийм ч байсан байх. Харин МАХН-тай удтал ихэрлэх нигууртай нэгэн “брэнд” 1990-ээд оны сүүлээр бий болсон нь Намбарын Энхбаяр байлаа. Их төлөв Зөвлөлтөд сургууль төгсс өн, ертөнцийг зөвхөн орос цонхоор л хардаг удирдагч ба залгамжлагч на раар бүрдсэн МАХН шинэ тутам бай гуулагдсан намуудын хажууд туршлага ярихаас цаашгүй хөгшин организм харагдаж байсан цаг. Гэтэл хувьсгал шинэчлэл гэдэг нь хуучин туршлагаасаа салах үйл явж гээд байдаг. Энэ үед Зөвлөлтөд орос хэл, утга зохиолын орчуулагчийн сургууль дүүргэсэн Н.Энхбаяр гэдэг залуу, ху вийн оролдлогоороо англи хэл судлаад, ямар ч юм бэ, шугамаар Англид дамжаанд яваад амжсан байв.
Эхлээд тэрбээр эхнэрээ дагуулаад, (зарим сурвалжид эхнэр нь түү- нийг дагуулж явсан гэдэг) ард чил сан хүчнийхэн дээр “англи хэл тэй хүн авна гэсэн үү” гэсээр оч жээ. Цаадуул нь дүүрэн англи хэлтэй хүнээр хахаж байсан тул нэг их тоогоогүй гэдэг. Тэгэхэр нь өргөдлийнхөө толгойг солиод МАХН-ын дарга нар дээр очжээ. Тухайн үедээ англи хэлтэй, баруунд тоогдох боловсон хүчнээр жаахан дутагдалтайдаа сүрхий комп лекстэй суусан философич Б.Даш-Ёндон гуай түүнийг таалж, өнөө үлгэрт гардаг шиг “гурван хүслээ хэл дээ, хүү минь” гэж асуусан шиг байгаа юм. Насаараа эрдэм номын мөр хөө- сөн Даш-Ёндон гуай түүний гурван хүс лийн ядаж нэгийнх нь талаар сэдэв цохьсон бол их л өөр шийдвэр гаргах байсан биз ээ? Терминатор ийнхүү мэндэллээ.
Энхбаяр бол маргашгүй хүчирхэг хүн, лут бөгөөд башир улс төрч. Хүчирхэг хүн, лут улс төрч гэхээрээ сайн байдаг юм биш. Манайхан л өөрсөндөө зориулсан үлгэрийг өөрснөө зохиохдоо өөрийн талын баатруудаа хамгийн бяртай хүчтэй, лут лут арга баширтай болгож дүрсэлсээр байгаад түүндээ дасчихсан юм. Тэгээд бяртай л байвал “манай тал” гэж шууд хүлээн авдаг болчихсон. Бөх тэх улсаа хайрлаж байгааг нь харахгүй юу? “Юун сүртэй юм бэ? Бөх хүнд ганц алгадуулаа л биз”, “За яахав дээ, бөх хүн. Зөвшөөрч өгөхгүй болохоор нь жаахан түргэдсэн шиг байгаа юм”. “Цаад хүүхний буруу ш дээ, тийм сайхан бөх хүн өөрийг нь тоож байхад яндагнаад байсан нь...” танил хэллэг байгаа биз, за энэ ч яахав. Хүчирхэг улс төрч маань намын удирах эрх мэдэл рүү дөхсөөр 1996 онд УИХ-д орж ирлээ.
Ирсэн өдрөө л терминаторын ажлаа эхэлж, Энхсайханы Засгийн газрыг унагаахаа тунхаглав. (нохой засааг нь огтолсон хүнд янаг гэдгийн үлгэр шиг өнөөдөр тэр хоёр тун сайхан хос болсон). Сонгуульд анх удаагаа ялагдаад, өдөр бүр ухрах, ухраагүй үедээ хориглох байрлалд МАХН байсан цаг. Гэтэл Ленин багш нь “Хориглолт бол бослогын үхэл” гэж айлдсан байдаг. Ийм үед МАХН-ынхан давшилт командлах хөөрхөн хархүү (шархүү) гараад ирэхэд баярлан угтвай. Терминатор дахин мэндэлвэй. Терминатор монгол хэлнээ “маань” гэдэг үгийг шинэ хэрэглээнд оруулав. “Америкууд маань Ал- Кайдаг маань дарж Бен Ладенг маань устгахаар...” гэж ярина. Сэтгүүлчид түүнийг нь дуурайсаар байгаад “Баруун зүгийн маань нутгуудаараа маань солигдмол үүлтэй...” Орчин үеийн монгол хэлэнд “маань”, “маани” гэдэг үгийн бичлэгийг их андуурдаг юм. Манай “маань” чамгүй олон юмыг “маани” болгох учиртайг тэр үед хэн ч гадарлаагүй. Терминатор эхлээд МАХНын дайснуудыг ниргэж байлаа. Энэ завшаанд (уучлаарай, зөвхөн Энхбаярын хувьд гэдэг утгаар) ардчиллын удирдагч С.Зориг хөнөөгдөв. Ардчилсан хүчнийхнийг удирдагчаа өөрснөө хөнөөсөн гэдэг утгаар дайралт хийж амжилтад хүрлээ.
2000 онд ардчилсан хүчин засгаас зайлуулагдлаа. Эргэн тойрныхон нь түүнийг улам нягтаар хүрээлэв. Эхний ээлжинд гадаадын дайснаа дарсан терминатор одоо дотоодын дайснаа дарах ажилд оров. Гэвч цадиггүй авир, нураагч чанарыг нь олж харсан намын лидерүүдийн зарим нь түүнд хориг саад тавих гэж оролдлоо. Тэдний дунд Эрдэнэтийн захирал асан Ш.Отгонбилэг, Улаанбаатар хотын дарга асан Л.Энэбиш нар байв. Энэбиш нь парламентын спикер байсан ба парламентын гишүүн Отгонбилэг маргаангүй ерөнхий сайдад яригддаг нэгэн байв. Ер нь ч ойрын үед ерөнхий сайд солигдож Отгонбилэг гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн яриа гарч эхлэв. Гэтэл тэдний нэг нь онгоцны ослоор, нөгөө нь гэнэтийн байдлаар дэс дараатай нас барлаа. Одоо дотоодын дайсныг дарахад садаа үгүй болов. Терминатор үнэнхүү дахин мэндэллээ. Ингэхдээ нам дотроо бүлгүүд бий болгож, хооронд нь алалцуулах зам сонгов.
Энэ бол Монголын ялангуяа ХХ зууны түүхээр шалгарсан арга байлаа. Үгэнд бага ордог, магадгүй өргөл багадуулдаг хэсгийг үүгээр дамжуулан залхаасан байж мэднэ. Ямар ч байсан У.Хүрэлсүх гэдэг омогтой гар терминаторын гэргийн үгэнд ороогүй төдийгүй, хурал дээр “Манай орныг та удирдаад байна уу? Танай авгай удирдаад байна уу” гэж ил асууж зүрхэлснээр өөртөө ял заажээ. Тэр дороо л терминаторт шударга сайн хүмүүс олдов. Тэд нар нь Хүрэлсүх гэгч этгээд манай улсын хөгжил дэвшил ба хүн төрөлхтний шударга сайхан амьдралд хэчнээн их садаа учруулж байгааг олж тогтоов. Олж тогтоосон төдийгүй, түүнийг шийтгэж, алдагдсан шударга ёсыг сэргээхийг шаардаж эхэллээ... 2000 онд бараг абсолют ялалт байгуулж байсан МАХН 2004 ба 2008 оны сонгуулиудад сульдан сульдсаар 2009 онд ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан нь магадгүй дотоодын дайсан илрүүлэх кампанид чалх чансаа нь сульдаж ирсний үр болов уу?
Нам нь сонгуульд ялагдахын хэрээр терминаторын эсрэг санаатай бүү хэл, үйл ажилтай хүмүүс бий боллоо. Энэ нь дотоодын дайсан дарагдаж дуусаагүйгээгээр барахгүй шинээр нэмэгдэж буй процесс. Иймд терминаторт ажил дуусах яагаа ч үгүй байгаа нь тодорхой болов. Ингээд ерөнхийлөгч болох зам сонголоо. Ерөнхийлөгчийн мэдэлд байгаа шүүх ба шагнах эрх мэдлээр дамжуулан гадаад ялангуяа дотоодын дайснуудаа дарж болох аж. Санасандаа хүрсэн боловч санаагаа гүйцээх яагаа ч үгүй байтал эхний сонгуульт хугацаа дуусав. Харамсалтай нь түүнээс ард түмэн ч, нам нь ч айдаг болчихсон ажгуу. 2009 онд Ардчилсан намын нэр дэвшигч илт давуугаар ялж ерөнхийлөгч боллоо. Терминатор цаашаа дэлбэлэх ажлаа өргөн далайцтай хийх боломж олохын тулд нам дотроо мина булах хэрэгтэй гэж үзжээ. Түүний “намбар ван” дайсан нь нам нь өөрөө болов. Ингээд нам дотроо дотоодын самуун үүсгэх гэж үзлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны буруутан нь саналаа өгөөгүй Монголын ард түмэн ч биш, сөрөг үзэлцсэн ардчилсан нам, нэр дэвшигч ч биш гэнэ. Харин намынх зарим удирдагч, тухайлбал сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан С.Баяр нар үүнд буруутай ажээ.
Тэд нэр дэвшигчээ унагаах ажил хийсэн байх юм. Терминаторын төлөвлөгөө ёсоор бол намын хамт олон үүнийг мэдмэгцээ, урвагч нарыг цээрлүүлэх зайлуулахыг шаардах учиртай аж. Урвагч нар удирдлагад байгаа учраас намын шударга ёс мөрөөдсөн хамт олон эхний удаа ялагдах ба тун удалгүй терминатороос тусламж хүснэ. Терминатор “аврагч” улаан армиа дагуулсаар ирж, шударга ёсыг ялуулах ба шанд нь МАХН-ын орой дээр ард түмний хүсэлтээр дахин залрах нигууртай аж. Гэтэл байдал урвуугаар эргэж намын хамт олон нь өөрийн ялагдлаа нам руугаа чихсэн хэмээн түүнээс улам хөндийрч эхлэв. Энэ намд тогтсон уламжлал ёсоор “намын нэр хүнд хамгийн цэвэр ариун бөгөөд түүнийг аврахын тулд гишүүд нь хувийн нэр алдраа золиослох учиртай” ажээ. Терминатор үүнийг яг эсрэгээр нь хийгээд алдав. Удалгүй МАХН дотоод шинэтгэлээ гүнзгийрүүлж, нэрээ өөрчлөн унаган нэрээ эргүүлж сэргээн МАН болов. Энэ нь түүнд шинэ боломж харагджээ. Халж байгаа хуучин нэрийг нь, хуучиндаа үнэнч масстай нь салгаад авна гэж үзжээ.
Гэтэл дор хаяж намын “гурван үнэн” зарчмыг тооцохоо мартжээ. МАН болсон МАХН-ын олонх гишүүн хуучинсагт дуртай боловч зөвхөн одоо удирдаж байгаа лидерийнхээ л хуучинсагт дурладаг аж. Мөн энэ намын масс нь удирдаж байгаа хүнээ дагадгаас удирдаж байсан хүнийг дагадаггүй юм. Удирдаж байгаа хүн рүү нь дайрсан этгээдийг бүр ч дагахгүй гэдгийг тооцсонгүй. Ийнхүү терминаторын нүх улам мухардсаар. Хонгилын үзүүрт гэрэл гарах бүү хэл хонгил цаашаа явах эсэх нь эргэлзээтэй болсоор. Одоо түүний зорилго МАХН байгуулах, ерөнхийлөгч болох энээ тэрээ байхаа улам бүр больж байна. Харин МАН-ын хүчийг сулруулах, ядаж одоогийн удирдагч нарынх нь чансааг сулруулах, болж өгвөл дараагийн сонгуульд гаргахгүй байх, тартагтаа тулахад тэднийг бүтэн нойртой хонуулахгүй байх хэмжээнд очсон. Түүний дотоод чанадын программд “болж өгвөл, арга ядахад...” гэхчлэнгийн томъёолол улам олширч байх шиг.
ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭС УЛС ТӨРИЙН АРГААР САЛАХ ХОЁР ЧИГЛЭЛ
Өнөөдөр Н.Энхбаярын хувьд улс төрд хийх карьер нь хожим хойтын үйл хэрэг болон алсарч байна. Тэрээр өөрөө нэг их ариун сайхан амьтан аятай царайлан хамтран зүтгэж асан нөхдөө хулгайч, олигархи, ардын дайснаар нэрлэн, алах шудах улсын жагсаалт гарган болчимгүйтэж эхэлсэн юм. Хэдийгээр түүнийг Нинж толилуулж байсан боловч автор нь Энхбаяр гэдгийг цөм л мэдэж байсан. Гэвч тэрээр өөрийнх нь гараар хүмүүжсэн, нэгэн цагт бууны нохойгоо болгож байсан, гараар нь могой барьж асан, үгүйдээ л золиос болж зовж үзсэн “шавь нар”-ын арми МАН дотор үлдсэнийг дутуу тооцжээ. Тэд нар нь авилгын загалмайлсан эцэг хочийг зүгээр нэг зүүгээгүй эзнийхээ бульхайг ухаж гарлаа. Тэгж ч шавар дотроос ганцаараа цэвэр гарахгүй шүү. Ингээд түүний бусармаг, алмаар баян намтар түүхийн зах сэжүүрийг эргүүлж харууллаа. Хуучин хэвлэх, үйлдвэрийн барилгыг хуурмаг нэрээр өөртөө хувьчлан авсан асуудлыг нь сөхөн мөрдлөө.
Өнөөдөр түүний гар хөл болж явсан сэтгүүлч Д.Чулуунбаатарыг хориод мөрдөн шалгаж байна. Чулуунбаатарыг хорих гэж ч хорьж байгаа юм биш, Энхбаяр руу дөхөж байгаа юм. Дээр нь өөрөө ерөнхий байхдаа зарлиг гарган онц байдал тогтоосныхоо хариуцлагыг бусад руу чихэж, намайг дарамталж байж онц байдал тогтоолгосон гэх утгатай мэдэгдэл хийснээсээ болж прокурорт дуудагдаж байна. Ардчилсан хүчнээс гарч ирээд хууль цаазанд шинэ шударга дэг ёс тогтоох бөөн хүсэл байгаа шинэ прокурор дуудах цаг нарыг анан хүлээж байхад нь сайхан далим өгсөн ч байж магад. МАН-ын угшилтай, Энхбаяраар өөрөөр нь дайрсан угшилтай бүлэг иймэрхүү юмыг дутуу хийнэ гэсэн тооцоо байхгүй тул маргашгүй ноцтой 3-4 хэргийг цаана нь нөөц болгон боловсруулж байгаа нь дамжиггүй. Тиймээс Энхбаяр бээр шавь нарынхаа, бүр өөрийнх нь аргаар бэлтгэсэн занганаас гарахад үнэн хэцүү. Ядаж л Монгол Улсын хууль ёсны засаг төрийг үндсэн хуулийн бус аргаар унагаахыг ил тод уриалсан бичлэг нь байгаа. Энэ бол хатуу чанд ял шийтгэлтэй зүйл анги юм шүү. Өнөөдөр мөрдөн байцаагч хархүүгийн нэг ааш хөдлөөд “иргэн Энхбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж магадгүй гэж үзэж байгаа учраас түр саатуулах саналтай” байгаагаа прокурорт танилцуулахад л тэр ядах юмгүй торны цаана...
Энэ хаврын үйл ажиллагааг нэг талаас нь харахад засаг, төрийг чамгүй зовоож, их л хэцүүдүүлээд байгаа юм шиг харагдаад байсан боловч хэрэг дээрээ огт өөр үр дүн авчирсан. Олон түмэн, монголчууд одоо байгаа байдалдаа, засаг төрдөө сэтгэл хангалуун байгаа бөгөөд эсэргүүцлийн ямар акц, тэр байтугаа өмнөх ерөнхийлөгчөөр толгойлуулсан хувьсгалыг ч дэмжихгүй байгаа юм байна гэдгийг ойлгууллаа. Энэ нь Энхбаяраас ил далд болгоомжилж байсан хүмүүст урам зориг өглөө. Үндсэн хуулийн цэц хүртэл явсан “МАХН нэрийг авах” заргандаа салаавч хүртэв. Тэр ялагдаж байна, тэрийг хэн ч дэмжихгүй юм байна. Гагцхүү зориг дутагдаж байж гэдгийг МАН харав. Өөр нэг үзүүлээс нэлээн эртхэн Энхбаяр руу явсан цалам бол “тагнуулч Хурц”-ын явдал юм шиг байдаг. Түүнийг Шенгений орнуудын алинд ч очсон бариад авна гэдийг хашир тагнуулч мэдэж байсан гэх юм билээ. Бүр битгий яв гэж ятгасан хүн ч дуулддаг. Тэгтэл явж очоод баригдаж л байдаг. Юуных нь чекист байхав? Барууны орнууд, ялангуяа АНУ, Англи сонгуульд МАН ялалт байгуулахад харилцаагаа хүйтрүүлдэггүй боловч АН гараад ирэхээр илт дотносоод ирдэг.
1998 онд Элбэгдорж ерөнхийлөгч болсны маргаашнаас эхлээд АНУ-ын Элчин дээр виз хүссэн улсын бараг 90 хувьд нь өгөөд эхэлсэн гэдэг. Ардчилсан сонголт хийсэн ард түмэнд нь талархаж байгаа хэрэг шүү дээ. Ийм үед ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүйн зөвлөлийн ажлын албаны даргыг англичууд виз өгч мэхлэн аваачиж барьж л байдаг. Юуны чинь барууныхан ардчиллыг дэмждэг байхав? Англи барихаа мэдээд урьж, Элбэгдорж бариулахыг нь мэдээд илгээж, Хурц баригдахаа мэдээд очсон гэмээр. Гол буруутгал Франц, Герман улсын хуульт цаазыг доромжлон хүн хулгайлсан явдал. Энэ явдлын дараанаас Германы виз чангарч, үнэхээр хэцүү болсон. Хууль цаазыг үл хүндэтгэдэг этгээдийг сонгож оройдоо залдаг ард түмэнд санамж өгч байгаа хэрэг. Хууль цаазаа доромжлуулсан тэдгээр гүрнүүд иргэдийнхээ гомдлыг барахын тулд буруутныг шүүхийг хүснэ.
Энэ шугамаараа Хурцыг баривчилжээ. Тэрбээр гүйцэтгэх ажилтан. Гүйцэтгэх ажилтан даалгавар өгсөн эзнээ хэлж өгөх учиртай. Тэгэхээр Хурц хэрэгтэй ганц үгийг эзэнд нь хэлэхийн тулд очиж зориуд очиж баригдсан байж болох талтай. Энэ ажлыг талууд харилцан үгсэж хийсэн байж болох сэжиг их төрдөг. Хурц яахав тэгж байгаад гараад ирнэ. Харин цаадуул эзнийг нь нацистын хэрэгтний нэг адил хайх болно. Эзэн нь мэдээж манай хэн. Үүнийг зөнгөөрөө мэдэрсэн Энхбаяр өөртөө парламентын гишүүний, төр засгийн тэргүүний халдашгүй дипломат байдал бий болгохын тулд яаралтай улс төр хийж эхэлсэн ч байж болно. Саяхны нэг үйл явдал энэ сэжиг таамгийг улам гүнзгийрүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө Н.Энхбаяр хөл бөмбөг үзэх нэрээр Лондон явжээ. Хөл бөмбөг үзсэн эсэхийг мэдэхгүй. Харин тэнд хоригдож байгаа Хурцтай уулзсан нь бараг тодорхой болоод байна. Хурцад юу хэлэв? Юу санал болгов? Лав л халуун сав цай, чихэр пэчээнээр эргэлт оруулаад буцаагүй нь лав. Ийнхүү олон улсын зүгээс ч, дотоодоосоо улам бүр боомилуулан байгаа Н.Энхбаяр юун нам байгуулах, засагт төрийн эрхэнд гарахтай манатай болоод байгаа. Засгийн эрх авахаа больсон ч юм биш.
Илүү аминд тулсан зорилт тулгарснаас тэр. Тэр нь өөр тулгагдаад байгаа болон тулгагдахаар зэхэж байгаа эрүүгийн гэмт хэргүүдийг улс төржүүлэх замаар хар толгойгоо аврах. “Би хэвлэлийн комбинатыг хувьдаа аваагүй. Намайг улс төрийн хувьд дарж авах гэж зохиосон гүтгэлэг”, “Би тэр, бас тэр, мөн тэр, түүнчлэн тэрийг аанай л завшаагүй. Зориуд улс төр хийж байгаа юм” хэмээн ойлгуулснаар чадвал ялаас мултрах, ядвал цаг хожих санаа. Аз болоход үүнд нь хамсаатан олдож байна. Банкинд нь найдаж хадгалуулсан мөнгийг нь идчихсэн Анодын захирлууд, Айлган сүрдүүлж мөнгө нэхэхдээ доозыг нь хэтрүүлж хүн рүү галт зэвсгээр гал нээсэн “байгаль хамгаалагч” нар түүн дээр нэмэгдэж байна. Тэд бүгд л эх орондоо, шударга ёсонд хайртайгаа илэрхийлж яваа болж харагдахыг хичээж байна. Анодынхон банкаа идээгүй, зүгээр л шударга байх гэснээсээ зовж яваа улс гэнэ. Байгаль хамгаалагчид онгон байгальдаа амиа өгч байгааг уул уурхайнхан таашаахгүй гүтгэж буй юм байна. Хөөрхий дээ, хэргээ л улам хүндрүүлж байна.
МАНынхан дайсантайгаа нийлсэн улсыг, дайснаасаа долоон дор үзэж зуудаг. Зуудаг төдийгүй зажилдаг юм даа. Нөгөө талаас Н.Энхбаяр өөрийн хэргээ саармагжуулахын тулд, байдаг л нэг луйвар болгож харагдуулахын тулд нөгөө хэдийнхээ “хогийн сав”- ыг ахиухан уудлах болов уу? Өөрөөр хэлбэл одоогийн төр засаг, МАНын удирдагчдын бульхай, хэргийг арвинаар харуулахын хэрээр ард түмэн “Эдний хажууд манай Энхбаярын хэрэг ч хүүхэд нохойн тоглоом юм даа” гэж бодох учиртай. Тэр хэрээр шүүх хууль цааз “адилдаа адил годилуудын хэнийг нь шүүх юм билээ” гэсэн алцан тээнэгт орж “улсын гурав дахь ерөнхийлөгчийн” хэрэг замхрах шатанд орох нигууртайгаар тооцсон болов уу? Гэхдээ Н.Энхбаяр шавийн эрдэм багшаас давдаг сургаалыг сайтар санах учиртай.
Цаадуул нь энэ бүхнийг аль хэдийнэ тооцоод давхар давхар бас дахин давхар хариу бэлдчихсэн ч байж болох талтай. Энхбаярын аргагүй хамгаалалттай зэрэгцээд Энхбаяраар хийсэн хамгаалалт бас моодонд орлоо. Аль ч нийгэм ялагдагч руу муу муухайгаа чихдэг тэр жишгээр янз бүрийн хэрэгтнүүд өөрт тохогдсон гэмт хэргийн бурууг Энхбаяр руу чихэх бухах аргад орж эхэлж байна. Нэг нисдэг тэргийг нэг удаа гурван газарт гурав зарж чадсан гэгдэн суу алдраа дуудуулж явсан Оюуны Ундраагийн Отгонбаяр гэдэг хүн Онцгой байдал хариуцсан сайд хийж байхдаа холбогдсон хэргээ “Энхбаярыг шүүмжилсний улмаас учирсан хохирол” болгон сурталчилж явна. Хэлмэгдсэн л болохоос зайлуул, өөрөө бол хорхойд хоргүй амьтан гэнэ ээ. Бас МАН-ын Дондог гишүүн юунд ч юм бэ холбогдсоноо “намынхаа өмнөөс Энхбаяртай заргалдаж Үндсэн хуулийн цэцийн хуралд сууснаас ийм болов” хэмээн тайлбарлаж байна гэнэ.
Удахгүй Энхбаяраас болж айл ухсан, хүчин хийсэн этгээдүүд гээд л цуврах нь л дээ... Өдгөө ардчилсан хүчний дэмжигчид, партизанууд Энхбаярт баярлаад ханахгүй байгаа. Тэд МАНыг хуучин дарга нь, энэ намын хүчээр ерөнхий сайд, төрийн тэргүүн хүртэл өсч өндийсэн үр нь эргээд үүрээ эвдэж, эхийгээ хөнөөхөөр мэс далайн босохыг харж буйгаа хувь заяаны бэлэг хэмээн үзэж байгаа. Учир нь МАХНыг бууруулах, цуцлах нь тэдний энэ насны мөрөөдөл байсан юм. Иймээс Энхбаярын сүүлийн үеийн үйлдэл бүхнээс сэтгэлийн их таашаал авч байгаа. Яагаад цэцэг барьж очихгүй, цээжиндээ тэврэхгүй байна гэж гайхна уу? Хэрвээ тэр эх болсон МАН-аа нурааж чадвал дараагийнх нь ээлж АН гэдгийг мэдэхтэйгээ байгаа юмаа.
С.БАЯНЖАРГАЛ