Холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй гэх үндэслэлээр ИЗНН- ын нэгдлийг бүртгэж авахаас УДШ хоёр дахиа татгалзав. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг гадаадын этгээд санхүүжүүлсэн байж болзошгүй гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Д.Энхбатыг “Соросын мөнгийг сонгуульд ашигласан” гэсэн агуулгатай зүйл ярьсан байдаг билээ. Эдгээртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын дарга Д.Энхбатаас зарим зүйл тодрууллаа.
-Шаардлагатай зарим баримт бичиг дутуу байна гэсэн үндэслэлээр ИЗ-НН-ыг бүртгэхээс УДШ татгалзлаа. Өмнө нь өөр шаардлага тавьж байсан. Тэгэхдээ саяын дутуу гэсэн зүйлүүдийг Та бүхнээс шаардаагүй юм уу. УДШ-ийн тайлбарыг хэрхэн хүлээж авч байгаа вэ. Улстөржлөө гэж хардах бодол төрж байна уу?
-УДШ дээр очих болгонд шинээр баримт бичиг нэхдэг. Хүссэн материалыг нь хэзээ бүрдүүлж дуусахыг мэдэхгүй нь. НН-ын эд хөрөнгийн бүртгэл УДШ-д уг нь хамаагүй юм. Хоёр нам нэгдсэн л юм чинь эд хөрөнгөө ч гэсэн нийлүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Энэ бол намын дотоод асуудал.
Иргэний эвслийн тухай ярьдаг. 2008 оны Улс төрийн гэрээний л асуудал. Эвсэлд багтсан намууд бие биеийнхээ дотоод хэрэгт оролцдоггүй юм. ИЗН-д НН нэгдэхдээ гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулсан эсэх. Явуулсан бол түүнийхээ тэмдэглэлийг өг гэсэн. Тэгэхээр нь нэгдэх шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа сонин хэвлэлээр зарлуулсан баримтуудыг бүрдүүлж өглөө. Уг нь нэгдэх эсэх шийдвэрийг намын их хурлаас гаргадаг юм. Нэхэж байгаа эдгээр зүйл нь ИЗ-НН-ын нэгдэх, бүтэц, зохион байгуулалттай ямар ч холбоогүй эд. Манай намын хэсэг гишүүн гомдол гаргасан.
Бүртгэлийн асуудлаар дараа нь ямар ч маргаан гаргахгүй байх зорилгоор ИЗ-НН-ыг бүртгэх асуудалд ингэж чамбай хандаж байгаа юм болов уу гэж ойлгож байна. Хөрөнгө, мөнгө болон эвслийн гэрээтэй холбоотой ямар ч маргаан байхгүй.
-Дараа нь ямар нэгэн маргаан үүсэхээс сэргийлж УДШ асуудалд нухацтай хандаж байна гэж Та үзэж байгаа юм байна. Улс төрийн шалтгаан байж болох уу?
-Бид гурав дахиа УДШ-д хандсан. Үнэхээр л шүүх хийгүй шийдвэр гаргахын төлөө байгаа бол нэхсэн баримт, бичгийг нь бүрдүүлж өгье. Гэтэл дахиад өөр баримт нэхвэл яах вэ. Эцэс төгсгөлгүй асуудал үүснэ.
Манай намын IX их хурлаас нэгдэх тухай шийдвэр гарсан. Өмнө нь биднээс VIII их хурлын шийдвэрийг нэхсэн. Түүнийг нь өгсөн. Гэтэл сая эд хөрөнгө, эвслийн гэрээтэй холбоотой баримтууд нэхлээ. Дараа очтол VI их хурлын, бүр анхны их хурлынхаа материалыг нэхвэл яах юм. Тийм тохиолдолд УДШийг улстөржиж байна гэж үзэхээс аргагүй.
-Таныг Жорж Соросын мөнгөөр сонгуульд оролцсон гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ хэлжээ.
-Энэ тухай Нямдорж сайдаас сайтар лавлаж асуух хэрэгтэй. 2008 оны сонгуулийн луйвар түүний үр дагавар, хамаг булхайгаа монголчууд бид дотроосоо хайх хэрэгтэй. Хаа хамаагүй гадаадын хүнд бүх бурууг тохож өөрсдөө хариуцлагаас зугтах гэсний хэрэггүй. 2008 оны будлиантай сонгуульд бүх нам буруутай. Долдугаар сарын 1-ний үймээнийг эрх баригчид зохицуулж чадаагүй шүү дээ.
Ж.Соросын санд таван жил ажилласнаараа би бахархдаг. Монголчуудыг коммунизмаас салж, ардчилалд шилжих хүнд цаг үед хамгийн их тусалсан хүн бол ноён Жорж Сорос. Монголын их, дээд сургуулиуд, олон арван УИХ-ын гишүүнийг ардчиллын үйл хэрэгт суралцуулах, тэр тусмаа хууль зүйн салбар, хэвлэл мэдээллийг өөрчлөн шинэчлэхэд тусалсан.
Ж.Сорос коммунизмын эсрэг ажилладаг хүн болохоос ардчиллын эсрэг хүн биш шүү дээ. Гүрж, Оросын хооронд улс төрийн маргаан үүсээд Орос улс цэргийн хүч хэрэглэсэн юм. Тэр үед Ж.Сорос Гүржийн иргэний нийгмийнхэнд тусалсан. Намайг Соростой хардаж байгаа бол эрх баригчдыг Б.Клинтон, Ж.Бушийн мөнгөөр ажилладаг, сонгуулиа санхүүжүүлдэг гэж хардъя л даа. Намайг хардаж байгаа нь үлгэр л байхгүй юу. Дэлхий дээр хамтарч ажилладаггүй хүн гэж байдаг юм уу.
-Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “долдугаар сарын 1”-ний хэргийн ард гадаадын хүн байгаа гэсэн. Ж.Соросыг хэлсэн бололтой юм билээ.
-Д.Одбаяр гишүүнээс өөрөөс нь асуу. Хэнийг хэлээд байгаа юм. Өөрсдийн бурууг гадаадын хүнд тохох хэрэггүй. Бид өөрсдөө хүн шиг байсан бол тийм зүйл яриад суухгүй л байсан. Өнөөдөр Монголоор дүүрэн хууль бус хятадууд байна. Тэд өөрсдөө орж ирсэн юм уу. Манай эрх баригчид энэ бүхнийг зохион байгуулдаг шүү дээ.
Го.Энхтөр