Хавар ажраагүй Монголын улс төр халуун зунаар буцлах нь уу гэлтэй болж ирэв. Өчигдөр ажил цуглахаас нэг цагийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. АНын бүлэг завсарлага авах шалтаг бол сон “24:52” хувилбараа хамгаалах нь зүй тэй гэж үзэж, эрх мэдлийн хүрээндээ томилгоонууд хийсэн байна. “Монголын үнэн” сонины эрхлэгчээр арав гаруй жил ажилласан Ц.Ганбатыг чөлөөлж “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбатыг оронд нь томилжээ. НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгуулахаар 100 хувь санал нэгдсэн гэнэ. Ц.Ганбат энэ өдрөөс эхлэн МАНын генсек У.Хүрэлсүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхөөр ажиллах юм байна.
Хамгийн сонирхолтой нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, туршлагатай улстөрч Д.Лүндээжанцан бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлдөө танилцуулсан явдал болов. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг завсарлага авах болсноо чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд албан ёсоор мэдээлж, танхимыг орхих үед МАНын бүлгийн дарга Д.Лүндээжанцан УИХын даргаас үг хэлэх зөвшөөрөл хүссэн юм. Тэрбээр бүлгийн даргын албан тушаалаас огцрох шийдвэрээ урьд орой нь гаргажээ. Энэ тухай мэдээг гишүүд шөнө нь бие биеэсээ дуулсан юм билээ. Д.Лүндээжанцан хэлэхдээ, “Сонгуулийн хуулийн асуудлаар бүлгүүдийн Ажлын хэсэг хоёр удаа уулзалт хийсэн. Гэвч өөрсдийн байр сууриа хатуу хамгаалсаар тодорхой зөвшилцөлд хүрч чадсангүй. Үүнээс болж Парламентын үйл ажиллагаанд гацаа үүсгэхийг хүсэхгүй байна.
Хоёр бүлэг түүхэн гэж болох олон шийдвэрийг хамтарч гаргасан. Цаашдаа тийм байх болно. Сонгуулийн асуудлаас болж УИХ-ын үйл ажиллагаанд саад учирсан нь надаас ямар нэгэн байдлаар шалтгаалж байна гэж үзсэн учраас бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөө мэдэгдэж байна. Зөвшилцөх ажилд Бүлгийн шинэ удирдлага орох нь зүйтэй” гэв. МАН-ын удирдлага Д.Лүндээжанцанг ийм мэдэгдэл хийнэ гэж тооцсон нь мэдээж. Бүлгийн шинэ даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр Удирдах зөвлөлийн хурлаа 15.00 цагаас зарлаад байсан ч намын дарга С.Батболдын ажлын хуваариас болж 16.30 цагт болж хойшилсон. Энэ хооронд бүлгийн даргын төлөөх богино зайн марафон хэдийнэ эхэлж, Су.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин нарын нэр дуулдаж байв. Тэднээс Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин нарыг Удирдах зөвлөлөөс бүлэгтээ санал болгожээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог мөн огцрох мэдэгдэл хийх гэж байгаа тухай мэдээлэл 16.30 цагийн үед ирэв. Тэрбээр өрөөндөө цөөн сурвалжлагч урилаа. “АН-ын бүлэг завсарлага авсан. Манай бүлгийн дарга энэ нөхцөл байдлыг тунгааж үзээд ажлаа өгөхөө мэдэгдсэн. Сонгуулийн асуудлаар хоёр бүлэг хатуу байр суурьтай байгаа. Шийдвэрлэвэл зохих нийгмийн салбарын шинэчлэлийн олон асуудал хүлээгдэж байна. Асуудлаа хэлэлцье гэхээр АН-ын бүлэг байнга завсарлага авдаг. Гацаа ингэж үүссэн. Энэ мэт асуудлаас болж бүлгийн дарга чөлөөлөгдөх хүсэлт гаргачихаад байхад дэд дарга нь албан тушаалдаа үлдэх нь зохимжгүй гэж би үзлээ” гэж Д.Дондог огцрох үндэслэлээ тайлбарлав.
-Огцрох гэж буй чинь өөр шалтгаантай юм биш үү. Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдааны үеэр У.Хүрэлсүх, Д.Лүндээжанцан нарын хооронд ширүүн маргаан өрнөсөн гэсэн. Ажлаа өгөх шаардлагыг бүлгийн даргад намын удирдлагын зүгээс тавьсан байх. Тэр явдал нөлөөлсөн үү?
-Д.Лүндээжанцан дарга дотроо ямар дүгнэлт хийснийг мэдэхгүй. Миний хувьд дарга маань албан тушаалаасаа татгалзаж байгаа учраас ийм шийдвэрт хүрлээ. Ажлын эрх ашгийн үүднээс гаргасан.
-Та энэ шийдвэрээ өөрөө бодож гаргав уу, өөр шалтгаан байв уу?
-Бодож гаргасан. Лүндээжанцан даргыг шийдвэрээ гаргасны дараа өрөөнд нь гурван цаг хэртэй ярилцаж суулаа. Тантай адил шийдвэрт хүрлээ гэдгээ хэлсэн гэж Д.Дондог хариулав. МАН-ын бүлгийн хурал 19.40 цагийн орчимд өндөрлөв.
Санал хураалтад оролцсон 41 гишүүнээс 22 нь Ө.Энхтүвшинг дэмжсэнээр МАН-ын бүлгийн шинэ дарга тодорлоо. Бүлгийн дэд дарга мөн огцрох мэдэгдэл хийсэн учир Удирдах зөвлөл дахин хуралдахаар болж, дараа нь бүлгийн хурал үргэлжлэхийг мэдэгджээ. Бүлгийн дэд даргад Ц.МөнхОргилыг С.Бямбацогт нэр дэвшүүлсэн бол Су.Батболд, Э.Мөнх-Очир нарыг намын дарга С.Батболд санал болгосноос Су.Батболд олонхийн дэмжлэгээр сонгогдсон байна.
Д.Лүндээжанцан, Д.Дондог нарын огцорсон шалтгаан нь гацаа юу, шахаа уу
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хурал халуухан болсон гэдэг. Удирдах зөвлөлөөс санал болгосон сонгуулийн тогтолцооны мажоритар давамгайлсан 24:52 холимог хувилбараар АН-тай зөвшилцөлд хүрээгүй, гишүүдээ нэгдсэн удирдлагаар “зангидаж” чадаагүй гэх шалтгаанаар Д.Лүндээжанцанд У.Хүрэлсүх нэлээд зэмлэнгүй хандсан юм байх. Сүүлдээ тэдний маргаан ширүүсэж генсек нь бүлгийн даргад ажлаа өгөх шаардлага тавьж, гишүүдийн дунд санал хураасан бололтой юм.
Олонх нь У. Хүрэлсүхийн талд санал өгснийг дуулсан намын дарга С.Батболд өргөдлөө өгөхийг Д.Лүндээжанцанд зөвлөжээ. Ийм үг сонссон Бүлгийн дарга УИХ-ын даргатай уулзсан байна. Тэгэхэд нь Д.Дэмбэрэл “Хэрвээ та чөлөөлөгдөхөөр бол Д.Дондог ч бас албан тушаалаа өгөх ёстой. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тавьж болзошгүй. Бүлгийн дэд дарга асуудалд орооцолдох нь намын нэр хүндэд муугаар нөлөөлнө” гэсэн байдлаар үйл явдал өрнөжээ.
Энэ зөрчлөө ил гаргахгүйн тулд сонгуулийн хуулийн гацаа, АН-д бурууг тохох “тактик” боловсруулсан байж болох гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ын залуусын фракц УИХ дахь бүлэг дотроо олонх болж, хүчний харьцааг нэгэнт өөрчилжээ.
Э.ТӨР