УИХ-ын 2010 оны 39 тоот тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдахаар болсон билээ. Харин Д.Одбаяр, Я.Батсуурь, Б.Батбаяр нарын гишүүн 10 биш 20 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх тогтоолын төсөл санаачилсныг өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас дэмжсэн юм. Энэ талаар төсөл санаачлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодрууллаа.
-Иргэн бүрт эзэмшүүлэх 10 хувийг 20 хувь болгоё гэсэн Та бүхний саналыг Засгийн газар дэмжлээ.
-Хууль болон УИХ, Засгийн газрын бусад шийдвэр амьдралд нийцдэг, ард түмний эрх ашигт үйлчилдэг байх ёстой. УИХ тогтоол гарсны дараа “Үндэсний шуудан” сонинд “Хуваарилалт нь шог байна, Ерөнхий сайд аа” гэсэн утгатай нийтлэл гарсан юм. Сонгогчидтой уулзаж байхад ч гэсэн 20 хувийг эзэмшүүлэх нь зөв гэсэн санал бодол олныг хэлж байсан. Энэ бүхнийг уншиж судлаад тогтоолд өөрчлөлт оруулах нь зөв юм байна гэж үзсэн. Тэгээд Я.Батсуурь, Б.Батбаяр, Х.Жекей, Д.Хаянхярваа нарын гишүүнтэй хамтарч 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах төсөл санаачилсныг Засгийн газар дэмжсэн санал өгсөн. -Аж ахуйн нэгжийн эзэд, “Монгол 999” нэгдлийнхэн энэ бол хууль бус гэж үзэж байгаа юм билээ. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас нэрлэсэн үнээр худалдахад хүндрэлтэй зүйл нэлээд гарахаар харагдаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт 536, аж ахуйн нэгж бүрт 28123 ширхэг хувьцаа ногдохоор эхний тооцоо хийгдсэн. Судлаад үзэхээр Үндсэн хууль зөрчигдөх юм ч харагдаж байсан. Манай улсын хүн амын тоо тодорхой. Өнөөдөр Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо тодорхойгүй. Гэтэл нэг биш нэлээд хэдэн компанид хөрөнгө оруулсан хүн цөөнгүй байна. Тавантолгойн сургаар нэг иргэн 35 компанид хөрөнгө оруулаад амжчихсан байх жишээтэй. 1482 иргэн гурван аж ахуйн нэгжид, нэг компани 53 аж ахуйн нэгжид, 54 компани тус бүр гурван аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан байна. Гэрчилгээтэй боловч үйл ажиллагаа эрхлээгүй, татвар төлдөггүй аж ахуйн нэгжүүд иргэдийг бодвол их хэмжээний хувьцаа давхар эзэмших боломж харагдлаа. Монголын нийт компаниудын 59 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй болон алдагдалтай ажилладаг гэсэн Татварын ерөнхий газрын мэдээлэл бий.
-Хувьцааны сургаар аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдэж, компани худалдах, худалдаж авах бизнес газар авсан нь тогтоолд өөрчлөлт оруулах нэг шалтгаан болсон уу?
-Татварын зөрчилгүй, 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө бүртгүүлсэн компани хувьцаа худалдан авах эрх үүсэхээр байсан. Татвар төлөөгүй аж ахуйн нэгжийг тогтооход хүндрэлтэй юм билээ. Татвар төлснийг нь тооцохоор цөөхөн аж ахуйн нэгж хувьцаа эзэмшихээр байгаа нь ялгавартай байдал бий болгоно гэсэн үг. Тийм учраас аж ахуйн нэгжид худалдах 10 хувийг иргэддээ эзэмшүүлэх нь шударга шийдвэр болно гэж үзэж төсөл санаачилсан.
-20-30 компанид хөрөнгө оруулсан, хувь эзэмшдэг УИХ-ын гишүүн нэлээд бий. Тэд та нарын эсрэг “лообий” хийгээд эхлэх байх даа?
-Засгийн газар бидний саналыг дэмжсэн болохоор УИХ-аас дэмжлэг авна гэдэгтээ найдаж байгаа. Хэлэлцүүлэх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хоёрдогч зах зээлд хувьцаагаа зарах магадлал өндөр. Энэ нь хувьцааны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ унагах нөхцөл бий болгох сөрөг талтай. “Хүнийг… нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна гэж үзсэн. Тогтоолын төсөл дөрвөн зүйлтэй.