Америкийн “Foreign Poliсy” сэтгүүл болон Америкийн “Энхтайвны сан”-гаас долоо дахь удаагаа дэлхийн улс орнуудын засгийн газрын хянах чадварын чансаа “Failed states Index 2011”-ийг гаргалаа. Энэ чансаагаар тухайн орны засгийн газар нь газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, эдийн засаг, улс төр, үндэстэн ястны асуудлыг хянаж чадаж байгаа эсэхийг гаргадаг билээ. 2011 онд улс орноо хянах чадваргүй улсаар Сомали тодорсон байна. Уг индексийг гаргахдаа тухайн улсад жилийн турш гарсан будлиан маргааныг хэмжих тусгай систем “Conflict Assessment System Tool”-ийн аргыг хэрэглэдэг.
Нийгэм, эдийн засаг, цэрэг-улс төрийн гэсэн гурван бүлгийн нийт 12 хэмжүүрээр эл үзүүлэлтийг гаргадаг байна. Нийт дүгнэлтийг улс орны таван чухал хүчин зүйл болох улс төрийн удирдлага, арми, цагдаагийн газар, шүүх, иргэний албад нь улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэхийг харгалзан үздэг. Хэмжүүр бүрийг 0-10 онооны системээр дүгнэдэг. Бага оноотой улс амгалан тайван гэсэн үг юм. Манай орон 59.6 оноотойгоор 177 орноос 127-д оржээ. Монгол дунджаас дээш хэмжээний тогтвортой, аюул осол бага орны тоонд орсон байна.
Манайх 2010 онд 60.1 оноотой 129 дүгээр байрт жагсан, дунджаас доогуур хэмжээний тогтвортой орон буюу аюул ихтэй орны тоонд багтаж байснаа бодвол чансаа сайжирсан байна.
ХЭМЖҮҮРҮҮД
НИЙГМИЙН
Үндэстэн ястны асуудал - 5,5
Дүрвэгч цагаачдын тоо - 1,6
Сэтгэл хангалуун бус ард иргэд болон өс хонзон санасан бүлэг байгаа эсэх - 4,0
Улс орноос байнга хүмүүс дүрвэн гарч байгаа эсэх - 1,9
ЭДИЙН ЗАСГИЙН
Эдийн засгийн хөгжлийн тэгш бус байдал - 6,2
Эдийн засгийн тогтворгүй байдал - 5,3
УЛС ТӨРИЙН
Төрийн тогтолцооны гэмт хэрэгт холбогдсон байдал - 5,9
Нийгмийн үйлчилгээний чанар, үзүүлэлт - 5,6
Хүний эрхийн зөрчил - 6,0
Улс орны аюулгүй байдлыг хангах байгууллагуудын нөлөө - 5,0
Үндэстэн ястан болон овог, гэр бүл гэх мэт ямар нэг бүлгийн нөлөө - 5,5
Гаднын улс болон ямар нэг улстөрийн хүчний нөлөө - 7,1
М.СУГАР-ЭРДЭНЭ