Тогтсон журмын дагуу УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуралдав. МАН-ын бүлгийнхэн популист гэж болохоор хэд хэдэн асуудалд анхаарал хандуулжээ. Хувь хүний, Аж ахуйн нэгжийн албан татварын хуульд өөрчлөлт оруулж иргэдийг, хөдөөгийн болон алслагдсан орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хувь хүний хийгээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хэлэлцэж бүлгээсээ Ажлын хэсэг томилохоор болжээ.
Тэд нь чуулганы завсарлагаар ажиллаж, намрын чуулганд саналаа танил цуулах бололтой. Хуулиудад өөрчлөлт оруулахтай холбоотой тооцоо судалгаа хийж ирүүлэхийг Засгийн газарт бас үүрэг болгосон бололтой байна. Сонгуулийн тогтолцооны талаар бүлгүүд ярилцаж, ерөнхийдөө улс төрийн шийдвэрээ гаргасан байна. АН пропорциональ давамгайлсан 50:26-г, МАН мажоритар зонхилсон 24:52 хувилбарыг дэмжиж байгааг Л.Гантөмөр, Д.Лүндээжанцан нар бүлгийн хуралдааны дараа мэдэгдэв. Удирдах зөвлөлөөс санал болгосон 24:52 хувилбарыг дэмжих улс төрийн шийдвэр гаргаснаа дуулгав. Гэхдээ энэ шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжээгүй бололтой. Тогтолцооны асуудлаар гишүүд нь нэлээд талцан үзэлцэх нь хаалттай хаалганы цаанаас сонсогдож байсан.
Пропорционал давамгайлсан тогтолцоо Үндсэн хуулийн шууд сонгох зарчимтай харшилна гэсэн үгээр Д.Лүндээжанцан “бодлогоо” хаацайлж байна билээ. Энэ асуудлаар УИХ дахь намуудтай зөвшилцөх хэсгийг өөрөө ахлахаар болж, Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хэсгийн бүрэлдэхүүндээ багтаажээ. Ирэх долоо хоногоос нэг их хэтрэхгүйгээр Сонгуулийн хуулийн шинэчилсан найруулгыг батлуулах хүсэлтэй буйгаа МАН-ынхан илэрхийлэв. Харин АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сонгуулийн ардчиллын төлөө тууштай зогсохоо мэдэгдлээ.
Сонгууль, сонгогчдын нэрсийн жагсаалт, санал тоолох ажиллагааг будлиантуулахаас сэргийлж иргэдийг цахим үнэмлэхтэй болгох, санал тоолох автомат машин нэвтрүүлэх ажлыг түргэвчлүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хүргүүлэхээр болжээ. Иргэдийг цахим үнэмлэхтэй, тооллогыг автомат машинаар хийхэд зориулж УБЕГ, СЕХ-ны төсөвт энэ жил 11-24 тэрбум төгрөг хуваарилсан юм байна. Гэтэл ажил огтхон ч урагшилсангүй. Энэ оны наймдугаар сард багтааж эдгээрийг бодит ажил болгохыг УИХ дахь АН-ын бүлэг холбогдох байгууллагынханд зөвлөсөн байна.