Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал энэ сарын 20-нд өндөрлөлөө. Түүний хийсэн энэ удаагийн айлчлал Монгол болон АНУ-ын хоорондын харилцааг бүхий л талаар өргөжүүлж, шинэ шатанд гаргасан чухал үр дүнтэй болсон хэмээн Төрийн тэргүүн болон түүнийг дагалдан явсан төлөөлөгчид үзэж байна.
АНУ-ын сенат Монголд зориулж тҮҮхэн тогтоол гаргав
Зургадугаар сарын 16-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордны Овал танхимд уулзсаны дараа хоёр орны ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл гаргаснаас айлчлалын ач холбогдлыг харж болно. Энэхүү мэдэгдэлд тэд дэлхий дахинд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хамгаалан бататгах ижил сонирхолтойгоо илэрхийлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлснээр эдийн засгийн өсөлтийг хангаж, хоёр ард түмний хоорондын найрамдалт харилцааг улам бэхжүүлнэ гэдгийг тэмдэглэв.
Манай улс ирэх долдугаар сараас өөрийн бүс нутгийн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах гэж буй. Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама баяр хүргээд энэ хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхэд манай улсад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мөн хоёр тал цаашдын хамтын ажиллагаагаа эдийн засгийн чиглэлд түлхүү хөгжүүлэхэд санал нэгдэж, Монгол Улсын эдийн засгийг бүс нутгийн болон олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудтай холбоход АНУ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Манай орны нүүрс болон бусад эрдэс баялаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд АНУын компаниудын гүйцэтгэх үүрэг чухал тул хоёр улсын компаниудад хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг бүрдүүлж өгөх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Гаднын орнууд, тэр дундаа АНУын Монгол орныг сонирхох сонирхол илүүтэй нэмэгдэж, үнэлэмж нь өссөн нь айлчлалын үеэр болсон үйл явдал бүрээс ажиглагдаж байв. Өмнө нь тус улсад айлчлахдаа манайхан Сенатын нэг хоёр гишүүнтэй уулзвал том явдалд тооцдог байсан. Тэгвэл Петер Лугер, Жин Шахин, Марко Рубиа, Кери Рейд нарын нэр хүндтэй арваад сенатч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өглөөний цай уунгаа Монголын талаар сонирхсон асуултууддаа хариулт авч ярилцсан. Энэ уулзалтын дараа синатын төлөөллүүд АНУ-ын 112-р Конгрессийн I хуралдааны Сенатын тогтоолыг өргөн барьж, батлуулсан юм.
Тус улсын сенатаас өмнө нь манай улстай холбоотой хэд хэдэн тогтоол гарч байсан ч нэлээд удаан завсарласны дараа гарсан энэ удаагийн тогтоолыг АНУ-ын сенатчид “түүхэн” хэмээн онцлон тэмдэглэж байна. Тогтоолд Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой тохиож байгааг онцолжээ. Мөн Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг түүхэн бөгөөд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал болсныг тэмдэглээд цаашид дэмжиж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байв.
Монголоос АНУ руу шууд ниснэ
Айлчлалын үеэр Вашингтон хотын “Блэйр хаус” зочид буудалд хоёр талын төлөөлөл худалдааг дэмжих, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монгол, АНУ хоёр анх удаа тамирчид солилцож, спортын салбарт хамтран ажиллах боломжтой болов. Эхний ээлжийн тамирчид болох Монголын чөлөөт бөхийн баг энэ оны арваннэгд үгээр сард тус улсыг зорих бөгөөд олимпийн наадамд оролцох бэлтгэлээ хангахад нь туслах юм. Бас нэгэн чухал гэрээ бол Монгол-Америкийн иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн чадавхийг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг болон “Боинг” компаниас онгоц худалдаж авах гэрээ байлаа.
“Боинг” компанитай удаан хугацаанд хэлэлцсэний эцэст байгуулсан уг гэрээний дүнд манай улс Боинг 737 онгоц хоёрыг, Боинг 767 онгоц нэгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болсон юм. “МИАТ” ХК-ийн захирал Ц.Орхон “АНУ-ын Хөгжлийн банк нэлээд хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл онгоц худалдан авч буй нийт үнийн дүнгийн 80 хүртэл хувийг 12 жилээр, маш бага хүүтэйгээр төлнө” гэв. Эхний онгоцоо 2013 онд авах бөгөөд гурван онгоцыг нийт 200 орчим сая ам.доллараар худалдан авч байна.
Эдгээр онгоц нь үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, үр ашгаараа хавьгүй илүү, дээд зэргээр тоноглогдсон орчин үеийн онгоц юм. “МИАТ” компанийнхан 2015 он гэхэд зах зээлд гаргах суудлын тоогоо гурав дахин өсгөх буюу нэг сая болгож, тээвэрлэлтийн орлогоо 2.5 дахин өсгөхөөр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 2015 онд 300 орчим тэрбум төгрөгийн орлого хийхэд дээрх шинэ хөлгүүд чухал ач холбогдолтой. Мөн шинэ онгоцуудаа авсныхаа дараа нислэгийн чиглэлээ нэмэгдүүлж, АНУ-ын баруун, зүүн эрэг рүү шууд нислэг хийдэг болох гэнэ.
Ц.Элбэгдорж 2011 оны төрийн гарамгай зүтгэлтэн болов
АНУ дахь Азийн нийгэмлэг нь тус улсаас Ази руу явуулах бодлогыг тодорхойлдог томоохон байгууллага юм. Рокфеллерийн гэр бүлээс үүсгэсэн уг байгууллага жил бүр нэг хүнд дээд шагналаа хүртээдэг байна. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2011 оны Төрийн гарамгай зүтгэлтэн хэмээх хүндтэй шагналын эзнээр тодруулсан юм. Вашингтон хотноо болсон энэх үү шагнал гардуулах ажиллагаанд зөвхөн Вашингтоны бус, Азийг сонирхож судалдаг АНУ-ын бүхий л эрдэмтэн судлаач, сэтгүүлч нийлсэн 1000 гаруй хүн оролцов. Энэ үеэр Монголын цамын бүжиг бүжиглэсэн нь америкчуудын сонирхлыг ихэд татсан. Азийн нийгэмлэг энэ дээд шагналыг өмнө нь АНУ-ын Ерөнхийл өгч асан Билл Клинтон, түүний гэргий Хиллари Клинтон болон тус улсын хэд хэдэн сенатчид хүртээж байсан бол Азиас Малайз, Сингапур, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн үүд олон жилийн өмнө хүртэж байсан түүхтэй.
АНУ-аас НҮБ-д Элчин сайдаар сууж байсан Жон Нигеренпонт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шагнал гардуулахдаа Монголын ардчиллыг байгуулахад оруулсан хувь нэмэр, улс орныхоо төлөө хийж байгаа ажил, олон улсын тавцан, бүс нутагтаа зохион байгуулсан үйл ажиллагааг нь үнэлж, Азид гарч ирж байгаа шинэ лидер гэдгийг нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэ шагналыг олгосон гэдгээ хэлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүн төрөлхтөнд тулгарч байгаа гол асуудлууд, ялангуяа байгаль орчин, хүнс, усны хомсдолын тухай анхаарах цаг болсныг шагнал авах үеэрээ онцлон хэлсэн.
Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд Ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцлага авав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг “Тime” сэтгүүл, СNN агентлаг, “Wall street journal”, “Washington post”, “Washington times” зэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн “акул”-ууд сонирхож, өөр өөрийн өнгөөр бичиж байв. Тэрбээр Нью-Йорк хотноо байрладаг “Bloomberg” агентлагийн төвөөр зочилж, ярилцлага өгсөн юм. “Bloomberg” бол санхүү бизнес, эдийн засагтай холбоотой бүх төрлийн мэдээллийг сонин, сайт, радио, сэтгүүл, ном, телевизээрээ түгээдэг, дэлхий даяар 135 салбар, 10 мянга гаруй сэтгүүлч сурвалжлагчтай дэлхийн тэргүүлэгч мэдээллийн агентлаг юм.
Тус агентлагийн захирал Норм Пеарлстон Ерөнхийлөгчийг угтан авахдаа “Хэдийгээр манайх дэлхийн мэдээллийн хамгийн том агентлаг ч бидэнд сэтгүүлч байсан Ерөнхийлөгчтэй уулзах завшаан бол ховор тохиолдох зүйл юм” хэмээн онцлон хэлсэн. Уул уурхайн баялаг нөөцтэй, эдгээр баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүд хэрэгжиж эхэлж, эдийн засгийн өсөлт тогтворжиж, хувийн хэвшлүүд хүчирхэгжиж байгаа зэрэг нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн зүгээс Монгол Улс руу анхаарлаа хандуулах шалтгаан болсон тул Ерөнхийлөгчтэй нь ярилцлага хийх хүсэлт тавьснаа тэрбээр мөн хэлсэн.
Дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан нь айлчлалын бас нэгэн үр дүн байв. Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрл өлөө. Дэлхийн хамгийн том гүрний ерөнхийлөгч болох Барак Обаматай уулзаж, АНУ-тай харилцаагаа бэхж үүлж, хамтран ажиллахаар дэлхийн 150 орны төрийн тэргүүн хүсэлтээ гаргасан байдаг аж. Тэдний зарим нь гурван жил хүлээгээд ч уулзах эрх авч чадаагүй байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн аваад зогсохг үй, цаашид хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийлсэн нь АНУ Монгол Улсын харилцаа шинэ шатанд хүрч, харилцааны цоо шинэ халдлага ажиглагдаж байна гэсэн үг юм. “Энэ удаагийн айлчлалын онцлог нь хоёр орон нэг нэгнээ илүүтэй ойлгосон.
Нөгөө талаар харилцааны агуулгаа баяжуулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн ардчилал, эрх чөлөө гэсэн үнэт зүйлийн төвшинд ярих бус, эдийн засгийн агуулгаар баяжуулах боломж бий болгосон юм. Нөгөө талаас манай хоёр орны хувьд гурав дахь хөршийн бодлого нийцэж буй. Дэлхийд хоёр том их гүрэн хөрштэй улс цөөхөн. Монгол, АНУ хоёр ийм хөрштэй орнууд. Энэ утгаараа АНУ манай гурав дахь хөршийн бодлогын төвд байдаг. Гурав дахь орны зүгээс хөрөнгө оруулалт орж ирэх тусам манай хоёр хөршийн хувьд Монгол улсад бизнес хийх, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж улам нэмэгдэж байгаа. Тиймээс аль аль талдаа хэрэгтэй айлчлал боллоо гэж үзэж байна” хэмээн Ерөнхийлөгч хэлсэн онцолсон.
Р.ОЮУНЦЭЦЭГ