МАХН-ын дарга Н.Энхбаяр популизм амлаж байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй отгон намаа ард түмний зүрх сэтгэлд хамгийн ойр ¹ 1 улс төрийн хүчин болгохын тулд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг ард түмэнд 100 хувь эзэмшүүлж, Оюутолгойн гэрээг засварлана. “Долдугаар сарын 1”-ний (энэ өдрийг эрх нь зөрчигдсөн иргэдээ өмөөрөн хамгаалах өдөр болгоно гэсэн) хэргийн буруутныг олж гэсгээлийн тавцанд аваачна. Санал гээдэггүй, будлиангүй сонгуулийн тогтолцооны төлөө улс төрийн намуудыг хэлэлцээрийн ширээнд урьж, шударга, тунгалаг төрийг байгуулна. Үүнээс хойш, түүнээс цааш нам гэж ямар ёс суртахуунтай, хариуцлагатай байдгийг МАХН харуулах болно гэж Н.Энхбаяр улайхгүй тунхаглав.
МАХН-ыг тэрбээр шинэ нам гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүслэн болсон намынхаа нэрийг авч дөнгөсөн тэрбээр өөрийн хамтрагч Ц.Шинэбаяр, Н.Удвал, Ч.Энхээ нартай өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хурлын эхэнд МАХН-аас Монголын намууд, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн бай гууллагад хандаж гаргасан уриал гыг Н.Удвал уншиж сонсгов. Тэр нь “МАХН нь шударгаар өрсөлдөж, хариуцлагатай, өндөр ёс суртахуунтай улс төрийн шинэ соёлыг буй болгож хэвшүүлэхийн төлөө, эх орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө улс төрийн бүх хүчин, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Улс төр-бизнесийн бүлэглэлийн нөлөөгөөр Монгол Улс, ард түмний язгуур эрх ашигт хор хохирол учруулсан МАН-АНын хортой үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох нь улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийнхний үүрэг мөн” гэсэн агуулгатай юм билээ. МАХН нэрийг өгүүлэхгүй гэж МАН байдгаараа хичээсэн, зарим нөхдийг нь мөрдөж, мөшгисөн, тагнаж чагнаж, бүр дарамталж байсан ч “үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэг” л юм байна гэж экс Ерөнхийлөгч ярив. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд “хариу барьсан уу” гэсэн асуултад хариулахаас тэр бултав.
Надтай хамтран ажиллаж байсан олон хүн буруу зам сонгосон гэж хэлснээр нь дүгнэвэл тэрбээр өөрөө өнөөдөр зөв хүн болж төлөвшжээ. МАН-аас өмч салгах талаар одоохондоо сонирхсон зүйл алга. Харин ард түмнээ өмчийн эзэн болгохын тулд Тавантолгойг 100 хувь иргэдэд өмчлүүлнэ. Төрийн эрхэнд гарвал Оюутолгойн гэрээг ард түмний тусын тулд засахаа мэдэгдэв. Уг нь Ерөнхийлөгч байхдаа М.Фрийдланд гэх нөхөртэй мань хүн “Монгол Улс Оюутолгойн 51 хувийг эзэмшинэ шүү” гэсэн аман тохироог яс хийгээд байжээ. Гэтэл түүнийг төрийн тэргүүний сэнтийгээс ашгүй буулаа гэсэн шиг С.Баяр нарын нөхдүүд Монголын тал 34 хувийг эзэмшинэ гээд Оюутолгойн гэрээг үзэглэсэн гэнэ. МАХН-ын бүртгэлийг хүчингүй болгочих юм биш гэхэд хуулийн зөвлөх О.Баасанхүү нь “Улс төрийн намын тухай хуулиар тэгэх ч ямар ч боломжгүй” гэсэн хариулт өгөв.
-МАХН-ыг бүртгэж авсантай холбоотойгоор УИХ-ын 10-аад гишүүн МАХН-ын бүлэг байгуулах сурагтай гэж үнэн үү?
Н.Энхбаяр:-Ёс суртахуун гэж байдаг бол 2008 оны бүх шатны сонгуульд МАХН-ын нэрээр ялалт байгуулсан хүмүүс одоогийн МАХН-д нэг биш нэлээд олноороо нэгдэх ёстой. Тэгнэ гэдэгт найдаж байгаа.
-МАН болон өөр намтай дараагийн сонгуульд нэгдэх, эвсэл байгуулах боломжийн талаар нь сонирхсон асуултад,
-Шударга сонгууль явуулна, Тавантолгойн хувьцааг ард түмэнд 100 хувь эзэмшүүлнэ, Оюутолгойн гэрээний алдааг засна, долдугаар сарын 1-ний хэргийн буруутныг олж тогтооно гэсэн байр суурь ижил улс төрийн аль ч хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байна хэмээн Н.Энхбаяр хариулсан. Тавантолгой, Оюутолгой, долдугаар сарын 1-ний хэрэг, шударга сонгууль, манантаагүй төрийн төлөө гэх мэт асуудлаар “пиар” хийхээр зэхэж буй нь МАХН-ын даргын ярианаас илүү тодорхой ажиглагдаж байв.
Э.ТӨР