Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарын хамтарсан тушаалаар Төрийн ордон тамхигүй орчин боллоо. Тамхины утаа суунагласан орчноос татгалзаж, Төрийн ордонд ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах талаар УИХ-ын гишүүд, тэнд ажиллаж буй албан хаагчдаас удаа дараа хүсэлт тавьсан гэнэ.
Тэдний хүсэлт, мөн Тамхины хяналтын тухай хуулийг үндэслэн энэ сарын 27-ноос дээрх тушаалыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ шийдвэр Төрийн ордонд ажилладаг, орж гардаг хүн бүхэнд хамаатай. Тиймээс УИХын гишүүд ч өрөөндөө тамхи татах эрхгүй болж буй юм. Зөрчсөн тохиолдолд Тамхины хяналтын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах юм байна.
С.УУЛ