УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар хоорондоо “асуудалтай” байгаа бололтой. Энэ сарын 9-нд Н.Ганбямбын хамт П.Алтангэрэл “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан юм. Дараахан нь эл асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, П.Алтангэрэл болон нефть боловсруулах үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрлөө хүлээж цөхөрсөн хувийн хэвшлийнхэн Д.Зоригт сайдад баахан банга хүртээж байв. Түүнээс хойш төсөл санаачлагч гишүүдийн дуу хоолой дориун сонсогдсонгүй. Ингээд УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс зарим зүйл тодрууллаа
-Газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг түргэвчлүүүлэх утгатай тогтоолын төслийг та бүхэн санаачилсан. Энэ асуудлаас болж салбарын сайд, агентлагийн дарга нартай ч Та багагүй “юм” болсон байх. Хэрвээ тогтоол батлагдвал нефть боловсруулах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтыг энэ оны наймдугаар сарын 10-нд дуусгаж, дараа жилийн наймдугаар сарын 10-нд үйлдвэрлэл эхэлсэн байх ёстой бил үү?
-Нефть шатахуунаас хараат бус байя гэвэл өөрсдөө үйлдвэрлэгч байх ёстой. Монголд боломж нь бий. Газрын тосны нөөц нь байна. Том, жижиг үйлдвэр байгуулъя, тусгай зөвшөөрөл өгөөч гэсэн гадаад, дотоодын олон аж ахуйн нэгж байна. Гэтэл Засгийн газар хөдөлж өгөхгүй байгаа нь эргэлзээ төрүүлээд байдаг юм. Үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой. Бүсийн чанартай, жижиг, дунд оврын боловсруулах үйлдвэрүүдийг эхний ээлжинд байгуулъя гэсэн бодлогоор бид төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Ирэх сарын 9-нд хариуг нь авах ёстой. Тэр хугацаанд саналаа өгөхгүй бол тогтоолын төслөө УИХ-д өргөн барина.
Нефть боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад холбогдох яаманд саналаа өгсөн 17 аж ахуйн нэгж байдаг. Гэтэл яам нь ямар ч хариу өгдөггүй. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүйн илрэл. Мэдээжийн зүйл дээр хойрго хандаж, заримдаа зориудаар гэмээр энэ ажлыг саатуулж байгааг хувь хүмүүсийн ашиг сонирхолтой холбож ойлгохоос өөр арга алга. Ингэх л юм бол дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил урагшлахгүй.
Н.Ганбямба бид хоёр өргөн барьсан боловч тогтоолын төсөлд олон гишүүн ач холбогдол өгч байгаа. С.Баяр, Р.Амаржаргал нар бидэнтэй хамтраад энэ асуудлыг явуулахын төлөө хүчээ нийлүүлье гэсэн. Боломж бол бий. Түүнийгээ Засгийн газар яагаад ашиглахгүй байна вэ? Хэд хэдэн аж ахуйн нэгж бүх тооцоо, судалгаагаа хийгээд газрынхаа асуудлыг хүртэл шийдчихээд байна. Гэтэл ЭБЭХ-ний сайд Д.Зоригт инээдтэй зүйл ярьдаг. Хөрөнгө чинь хаана байна аа гэж. Цаадуул нь тусгай зөвшөөрөл өгчихвөл бид хөрөнгөө босгоё гэдэг. Аж ахуйн нэгжүүд хаанаас, хэрхэн хөрөнгө босгохоо мэднэ шүү дээ.
-Стратегийн ач холбогдолтой бүтээг дэхүүн учраас том үйлдвэр үүдэд төрийн оролцоо байх нь чухал. Харин жижиг, дунд нефть боловсруулах үйлдвэрүүдэд төр хувь эзэмшинэ гээд байгааг олон хүн гайхдаг. Ингэхэд ажлаа эхлэхэд бэлэн компани байгаа юм уу?
-“Хэт” компани 121 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг өндөр технологи ашиглаж барина гэж байгаа. Түүний 100 тонн нь түлш, шатахуун байна гэдэг. Зүүн гурван аймгийн жилийн хэрэгцээний 60 хувийг хангаад илүү гарна гэсэн үг. “Сүмбэр ойл” гэдэг компани Цагаан элсний ордод түшиглээд 100 тоннын боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой юм билээ. Ингэснээр говийн бүсийн бүтээн байгуулалтын ажлууд саадгүй явна гэсэн үг. Гэтэл Засгийн газар та нар чадахгүй гэж байгаа юм. Хувийн хэвшлийнхэн болохоор бид чадна гэдэг. Тэгэхээр нь төр танай компанид хувь эзэмшинэ гээд байна.
Жижиг, дунд оврын үйлдвэрт төр хувь эзэмших шаардлагагүй гэж бид үздэг. Аж ахуйн ажилд төр оролцоод ирэхээр юу болдгийг “Эрдэнэт”, МИАТ-ийн жишээгээр монголчууд мэднэ. Томчууд шахааны бизнесээ л хийдэг биз дээ. “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэр учраас 20 жил хэрэглээд дуусахгүй каноны хорыг тэнд шахсан байна гээд л шуугидаг биз. Төр оролцоод ирэхээр түүн шиг л юм болно. Би хувьдаа тэгэхийн тулд, газрын тосны үйлдвэрлэлд нөлөөгөө тогтоохын төлөө тусгай зөвшөөрөл олгохгүй саатуулаад байна гэж ойлгож байгаа. Газрын тос боловсруулах жижиг, дунд үйлдвэрээ хувийн хэвшлийнхэн нь аваад яваг л дээ. Төр хувь эзэмших гээд байгаа л юм бол Дарханд байгуулах том үйлдвэрт хувь эзэмшээд хяналтаа тавиад явах хэрэгтэй.
-Төсөл санаачилснаас хойш нэг сарын хугацаа болох гэж байна. ЭБЭХ-ний сайд, ГТГ-ын дарга нар болохоор иргэдийг тайвшруулах оролдлого л хийгээд байдаг. Гиш үүдийнхээ төслийг дэмжье, үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлье гэх байдал харагдахгүй байгаа.
-Хуулийн хугацаанд Засгийн газар саналаа өгөхгүй бол УИХ-д төслөө өргөн барина. Н.Ганбямба бид хоёр биш, нэлээд олон гишүүн төслийг батлуулахын төлөө байгаа. Сайд Д.Зоригт бид хоёрыг тоодоггүй юм бол УИХ тэр хүнийг дийлэх байлгүй дээ. Энэ асуудалтай холбоотойгоор манай намын бүлэг хуралдаад Ажлын хэсэг байгуулсан.
-Шатахууны хомсдлыг зохиомол гэж яриад байгаа. Ингэх нь хэнд ашигтай гэж үзэж байна вэ?
-ГТГ-ын даргаас бид мэдээлэл авсан. Бензин, шатахуун хомсдоогүй гэж байна лээ. Манай улс сард 60 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Түү- нээс илүү нөөц бий. Монголчуудын шатахууны хэрэглээ өсөж байгаатай холбоо тойгоор хомсдол үүссэн маягийн зүйл ярьсан. ОХУ-ын хэд хэдэн компани, БНСУ, Хятадаас нефть авах асуудлаар ярилцаж байгаа юм билээ. Манай бүлгийн хувьд нефтийг төрийн өмчит компани импортлоод, түгээхийг нь хувийн хэвшлийнхэнд хариуцуулъя гэсэн байр суурьтай байгаа. Ийм тогтолцоо зарим улсад байдаг юм билээ. Жижиг, дунд үйлдвэрүүдээ яаралтай байгуулъя. Энэ асуудалд онцгой анхаарал тавихгүй бол Д.Зоригт сайдыг огцруулахын төлөө би хатуу зогсох болно.
Го.ЭНХТӨР