Сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй олон нийтийг хамарсан үймээн гурван жилийн өмнөх энэ өдөр болсон билээ. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд эрх ашиг зөрчилдсөөр удсан намууд энэ ойд нэгэн бэлэг барихаар шийджээ. Холимог тогтолцоон дотроо мажоритар, пропорционалийн аль нь давамгайлах талаар удаан маргахдаа тэд тохиролцоонд хүрнэ, эсвэл өөртөө ашигтай хувилбараар шийдүүлж чадна хэмээн бодсон.
Тэгвэл өчигдөр “УИХ энэ асуудлыг шийдэж чадахгүй юм байна. Тэгээд ч ард түмэн намууд өөрт ашигтай хувилбарыг сонголоо, 2012 оны сонгууль будлиантай болно гэсэн ойлголттой болчихож. Тиймээс энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэхээр боллоо” хэмээн мэдэгдэв. Элдэв хардлага, үймээн үүсгэхгүй, сонгуулийг шударга явуулахын тулд ард түмнээр уг асуудлыг шийдүүлэх хэрэгтэй гэсэн байна.
10.30 цаг: УИХ-ын чуулган хуралдах гэж үзсэн ч АН-ынхан завсарлага авсан учир орж ирсэнгүй. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авснаа мэдэгдсэнээр энэ өдрийн чуулган тарж, УИХ-ын дарга “Үдээс хойш Байнгын хороод хуралдаарай” гэсээр үлдэв.
11.00 цаг: -УИХ дахь хоёр бүлэг хуралдлаа. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дээрх чиглэлийг Бүлэгтээ санал болгосон аж. Бүлгийн хурлын дараа Сонгуулийн ажлын хэсэг Ө.Энхтүвшин даргын өрөөнд үргэлжлүүлэн хуралдав.
“МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ УИХ-ЫН БҮРЭН ЭРХЭД ХАЛДАЖ БУЙГ ДАХИН ТЭВЧИХГҮЙ”
14.30 цаг: -УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод хариуцлага тооцож, огцруулах асуудал хөндөхөө сэтгүүлчдэд мэдэгдэв. Өчигдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Сонгуулийн хуулийн төсөл дэх маргаантай асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх чиглэл өгсөн байна. Үүнийг нь АН-ын бүлгээр хэлэлцсэн нь гишүүний бухимдлыг төрүүлжээ. Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөл гэнэт дангаар шийдвэр гаргаад Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг гацаасан. Ингэснээрээ Удирдах зөвлөл УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан. МАН-ын Удирдах зөвлөл удаа дараа ийм үйлдэл хийсэн. Монгол Улсын төрийн эрхийг УИХ, МАН-ын Удирдах зөвлөл хоёрын аль нь барьж байна вэ.
1992 онд Үндсэн хууль батлахдаа төр төвтэй тогтолцоог сонгосон. Гэвч социализмын үед Улс төрийн товчоо шийдвэр гаргадаг байсан шиг Удирдах зөвлөл ажиллах боллоо. Тэд улс төрийн амьдралыг удирдаж, ийм хууль хэлэлц, ингэж батал хэмээн зааж байна. Үүнийг цаашид тэвчих аргагүй боллоо. Тиймээс Удирдах зөвлөл нь Үндсэн хуулиар УИХ-д олгосон бүрэн эрхийг зөрчиж байгааг өөгшүүлж буй МАНын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн С.Батболдод хариуцлага тооцох, огцруулах асуудал хөндөхөө мэдэгдэж байна” гэлээ. МАН Үндсэн хуулиас гадна хамтарсан гэрээгээ ч зөрчиж буй аж. Түүний шийдвэрийг Бүлгийнх нь гишүүдээс дэмжих байх, асуудлыг удахгүй өргөн барина гэлээ. Мөн нэг намыг өөгшүүлж, бүрэн эрхээ “шилжүүлсэн” УИХ-ын даргыг дараагийн ээлжинд Цэцэд өгөх юм байна.
Тэрбээр “Өмнө нь З.Энхболд гишүүн Сонгуулийн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх санал гаргасан ч МАН-ынхан эсэргүүцсэн. Гэтэл одоо тоглоом хийж байгаа юм шиг Удирдах зөвлөл нь ийм санал гаргалаа. Бид анх санаачилсан учир уг саналыг дэмжинэ. Гэхдээ Удирдах зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдсан, тиймээс намын дарга С.Батболдод хариуцлага тооцох ёстой” гэлээ. Энэ байр сууриа тэрбээр Бүлгийнхээ хуралд танилцуулсан гэнэ. Мөн МАНынхан өмнө нь дэмжээгүй саналаа гэнэт оруулж ирснийг цаг хожиж байгаад сонгуулийн тогтолцоог хуучнаар нь үлдээх гэсэн арга хэмээн хардаж буйгаа нуусангүй.
15.00 цаг: Хоёр бүлгийн дарга УИХ-ын даргатай уулзав. Үүнийхээ дараа тэд зэрэгцэж зогсоод сэтгүүлчдэд ерөнхий мэдээлэл өгсөн юм.
Ө.Энхтүвшин: -Уулзал туудын дүнд ойлголцох төлөвтэй боллоо. Маргасан асуудлыг хэрхэн шийдэх талаар бид тодорхой санал тавьсан. АН-ынхан ерөнхийдөө хүлээж авсан ч боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн. Ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл Ажлын хэсгүүд дахин хуралдана. Улмаар даваа гаригт тохиролцсон асуудлаараа эцсийн шийдвэрээ хоёр Бүлэг дээр ярих юм. Мягмар гаригаас Байнгын хороод хуралдаад тэр долоо хоногтоо багтаад чуулган завсарлах боломжтой боллоо.
Ч.Сайханбилэг: -Дэгийн тухай хуулийн дагуу чуулганы хуралдаан маргааш /өнөөдөр/ завсарлах ёстой. Гэхдээ Засгийн газраас долдугаар сарын 9, 10-ныг ажлын өдөр болгосон. Бүлгийн хуралдаануудаар эцсийн тохиролцоондоо хүрвэл бүтэн сайн болтол хуралдаад чуулган завсарлана. Тиймээс чуулганы ажиллагааг сунгах саналыг УИХ-ын даргад сая тавилаа. 16.00 цаг: -МАН-ын Удирдах зөвлөл хоёр дахиа хуралдахаар цуглав. Үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэсэн зар таржээ.
17.25 цаг: -МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ. Цаг гаруйхны өмнө “Даваа гариг болтол нууцална” гээд байсан асуудлаа Ө.Энхтүвшин дарга ярихаар шийдсэн бололтой.
-Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг ээдрээтэй байсан. Бид 95 хувь дээр нь нэгдсэн ч зарчмын цөөн санал үлдээд байсан. МАН 52:24, АН 50:26 гэсэн хувилбарыг сонгохоор өнөө өглөө болтол өөр өөрийн байр суурийг хамгаалж байлаа. Дэгийн хуулийн дагуу чуулган завсарлах болсон, хэлэлцэж шийдэх ёстой өөр асуудал үлдсэн. Тиймээс МАН-ын бүлгээс уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх санал гаргаснаа сая Удирдах зөвлөлд танилцууллаа. АН-ын бүлгийн олонх дэмжих байр суурьтай байна. Гэхдээ ямар асуултаар санал асуулга явуулахыг УИХ шийдэх хэрэгтэй гэсэн. Тэд даваа гаригт шийдвэрээ эцэслэх учир тэр болтол Ажлын хэсгүүд хуралдана. УИХ-ын дарга чуулганы хуралдааныг сунгасан захирамж гаргах байх гэлээ. Тэднээс сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын бүлэг Удирдах зөвлөлд уг саналыг тавьсан гэлээ. Удирдах зөвлөл өглөө хуралдахдаа ийм чиглэл өгсөн юм биш үү?
Ө.Энхтүвшин: -Удирдах зөвлөл өглөө хуралдахдаа зөвшилцлийн явцын талаар мэдээлэл сонсоод 52:24 хувилбар дээрээ зогсох чиглэл өгсөн. МАН-ын бүлэг дараа нь хуралдаж, мухардлаас гарах ийм саналыг дэвшүүлсэн юм. Үүнийгээ сая Удирдах зөвлөлд танилцуулж, дэмжүүллээ. Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн гуравны нэгийн саналаар ард нийтийн санал асуулга явуулдаг.
-Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг намрын чуулган хүртэл хойшлохоор боллоо гэж ойлгож болох уу?
-Намрын чуулганаар хэлэлцэнэ. Тэрнээс өмнө ард нийтийн санал асуулгыг явуулаад гарсан үр дүнг нь УИХ хуульчлан баталгаажуулах юм.
Ж.Энхбаяр: -МАН ард түмнээ сонсоно. Маргааш (өнөөдөр) долдугаар сарын 1. 2008 оны сонгуулийн дараах энэ өдөр улс төрийн эрх ашгийн үл ойлголцлоос болж тэр явдал болсон. Ийм байдал гарахаас урьдчилан сэргийлж бид сонгуулийн тогтолцоог ард нийтээр шийдүүлэхээр боллоо. Ард түмэн зарчмын шийдвэрээ гаргасны дараа ямар ч нам нөлөөлж чадахгүй. Эдийн засаг өсөж, уул уурхайн салбар олон улсын анхааралд байгаа нөхцөлд ард түмэн төр барих, нийгмийн үнэт зүйл болсон сонгох эрхээ хэрэгжүүлэх ёстой. Тэд намаар эсвэл нэр дэвшигчээр нь сонгох эсэхээ шийднэ.
Ийм мэдээллийг тэд өгөв. Юутай ч УИХ-ын чуулган өнөөдөр завсарлахгүй нь тодорхой боллоо. Бас намууд асуудлыг шийдэх гарцаа олж, ард түмэнд даатгав. 1993 онд баталсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд салхи оруулж, ганц удаа ч болов хэрэгжүүлэх ардчилсан шийдвэрт МАН хүрч, АН ч дагах нь.
С.ТУУЛ