Украин Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тус улсын Ерөнхийлөгч В.Ф.Янукович нар ганцаарчлан уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо. Ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найрсаг дотноор хүлээн авч байгаа Украины ард түмэнд болон Ерөнхийлөгч В.Ф.Януковичид талархаад, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлэв.
“Манай хоёр улс хөдөө аж ахуй, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааны уламжлалтай бөгөөд түүнийгээ сэргээж хөгжүүлэх боломжтой. Бид танай улстай хөдөө аж ахуй, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, барилга болон боловсролын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлж эрчимжүүлэх сонирхолтой байна. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт юм. Манай хоёр улс аль аль нь Олон улсын худалдааны байгууллагын гишүүн учраас энэ хүрээнд худалдааг нэмэгдүүлэх яриа хэлцлүүдийг идэвхжүүлэх боломжтой. Энэ талаар Засгийн газар хоорондын комиссын ярьж хэлэлцэж буй ажлуудыг үр дүнтэй болгох нь чухал. Энэ айлчлалын хүрээнд Украины талтай худалдаа, бизнес эрхлэх сонирхолтой Монголын бизнес эрхлэгчид олон ирлээ.
Тэд Украины талтай бизнесийн хэлхээ холбоо тогтоож, харилцан ашигтай гэрээ хэлцлүүдийг хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Ерөнхийлөгч ярив. Ерөнхийлөгч В.Ф.Янукович Украин Улсад Төрийн айлчлалаа амжилттай хийж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар илэрхийлсэн саналтай нь нэг байр суурьтай байгаагаа хэллээ. Монголын мал аж ахуйн, Украины газар тариалангийн туршлагыг харилцан солилцож, энэ чиглэлээр тодорхой ажил хийх, тухайлбал Монголын байгаль, цаг агаарт тохирсон үр гаргах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд Украины талаас оролцох зэрэг асуудлаар ярилцав.
Айлчлалын үеэр хоёр улсын хооронд түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протоколд Батлан хамгаалахын сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Болд, Украин Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд А.П. Клюев нар гарын үсэг зурсан байна. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сайд А.П.Клюев бараалхжээ. Ерөнхийлөгч энэ сарын 4-нд эх орондоо ирнэ.