Сонгуулийн хуулийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах МАН-ын саналыг дэмжиж буйгаа АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн билээ. Гэвч тус нам дотроо байр суурийн зөрчилтэй байгаа аж. Өчигдөр болсон Бүлгийн хурлаар санал асуулга явуулах томъёоллыг боловсруулах Ажлын хэсгийнхэн гишүүдэд мэдээлэл хийжээ. Улмаар гишүүд нь Сонгуулийн хуулиар санал асуулга явуулах шаардлагагүй, үүний оронд 38:38 гэсэн хувилбар дээр тогтож, АН буулт хийх нь зөв хэмээн ярилцсан байна.
“Ард нийтийн санал асуулгыг зөвхөн Үндсэн хуулийн холбогдох заалтаар зохион байгуулъя. Ингэхдээ МАН-ын санал болгосон шиг ирэх есдүгээр сарын сүүлчээр биш, 2012 оны сонгуультай хамт хийж, зардал хэмнэе” хэмээн тэд ярьсан байна. 2012 оны сонгуулийг мажоритари, пропорциональ тэнцүү буюу 38:38 гэсэн хувилбараар зохион байгуулъя гэсэн аж. Санал асуулга зохион байгуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай буюу 6-7 тэрбум төгрөгийн зардал гарах гэнэ. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан үдээс өмнө дууссан ч “Сонгуулийн хуулиар ард нийтийн санал асуулга явуулах байр сууринаасаа АН буцлаа” гэсэн мэдээлэл санааг нь зовоожээ.
Тиймээс хурлынхаа дараа тэд мэдээлэл хийсэнгүй. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “АН-ынхан үдээс хойш дахин хуралдана гэсэн. Дараа нь хамтарсан мэдээлэл хийнэ” гэлээ. Гэвч тэдний харзнасан нь талаар болов. АН-ынхан дээрх саналыг дэвшүүлсэн учир МАН-ынхан дараа нь үргэлжлүүлэн хуралдсан. АН-ын нэгэн гишүүнээс дээрх шийдвэрийн талаар асуухад “Манай нам 50:26 гэсэн хувилбараас 38:38 болж буулт хийлээ. Хэрэв МАН үүнийг зөвшөөрөхгүй бол бид завсарлагаа үргэлжлүүлнэ” гэв. АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн Сонгуулийн болоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулга явуулах томъёолол боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйл тодрууллаа.
-Саналын томъёоллыг боловсруулж дууссан уу?
-Бүлгүүд дээр ард нийтийн санал асуулгын хууль зүйн гаргалгаа, томъёоллыг танилцуулах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар бид хоёрт намын бүлгүүдээс өгсөн. Хууль эрх зүйн орчин, цаг хугацаа, гарах үр дүн, саналын томъёоллыг боловсруулж байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар нэг санал асуулгыг хоёрхон асуудлаар явуулах ёстой. Хэрэв санал асуулгын дүн “Үндсэн хуульд өөрчлөлт оруулна” гэж гарвал тодорхой дэс дараалал бий .
-Хоёрхон асуудлаар санал асуулга явуулна гэвэл Үндсэн хуульд оруулах олон өөрчлөлтийн алийг тусгах вэ?
-Нэг асуудалд олон асуулт багтааж болно. Тэдгээрт “За”, “Үгүй” гэсэн хариулт өгнө. Асуулт энгийн, ойлгомжтой байх ёстой. Энэ талаар Бүлгүүдэд танилцуулсан.
С.ТУУЛ