“Ерөнхий сайдыг огцруулна” хэмээн улс төрд насаараа зүтгэлтэй Улсын баатар Э.Бат-Үүл гишүүн бичиг үйлдэв. “С.Батболд МАН-ын дарга юм уу” хэмээн Х.Тэмүүжин гишүүн гайхаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд хамтарч засаг барьж буй АН-ынхнаас хорон үг сонсох нь олшрох болжээ. Түүнийг чиглэсэн дайралт өмнө нь жаахан холуур, Эрдэс бая лаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг онилж оч дог байсан бол хойшид МАН-ын толгойг чич лэх төлөвтэй. Өөрийнх нь намынхан харин С.Батболдтой одооноос л дөнгөж танилцаж эхэлж байх шиг. С.Баяр түүнийг улстөрчийнх нь хувьд нэг их олзуурхсандаа биш, стратегийн ордуудыг эргэлтэд оруулах эдийн засагчийнх нь хувьд тоосондоо Ерөнхий сайдын албыг өгсөн.
АН-тай хамтарч Засгийн газар байгуулснаа хүчтэй сөрөг хүчингүй улс төрийн хувьд таатай уур амьсгалыг нь ч бэлдээд өгчихлөө гэж тухайн үед төсөөлж байв. NO гэж шулуухан хэлдэггүй дипломатчийг засгийн ажлаа олигтойхон гүйцэтгээд явж байвал л барав гэсэн хандлага олон нийтэд байснаас биш, С.Батболдоос улс төрийн тоглолт хү- лээсэн нь тун цөөн байлаа. С.Батболд Ерөнхий сайдын ажлаа хийгээд, У.Хүрэлсүх МАН-ын онгорхойг цойлдогч “өрлөг эх” нь байхад болох байсан амар амгалан ард хоцорчээ.
С.Батболд намынхаа нэрийг солихоор зориглосон тэр үеэс өөрийнхөө улс төрийг “өөрийн мэдэлгүй” эхлүүлсэн. Гэсэн ч тэрбээр үйл явдлын тайзнаа гол дүр байж чадаагүй юм. С.Батболд сэлэм эргүүлж тоглохыг хүсээгүй ч байж мэднэ. МАХН-аа болиод МАН гэх үйл явцаар амьсгалсан 2010 оны намар оройн “халуун” өдрүүдийн уухайг даргынхаа өмнөөс У.Хүрэлсүх хашгирч байж олон нийтийн хүртээл болгосон нь ч ердөө нэг жилийн өмнөх явдал. “МАН сонгуульд ялагдвал би хар толгойгоороо хариуцна” гэж генсек нь л хэлснээс биш С.Батболд дарга дуугараагүй. Одоо мөнөөх сонгууль хүртэл жил хүрэхгүй хугацаа үлдлээ.
Цагийн зүү урагшлах тусам МАНын ялалт, эсвэл ялагдлын харанга С.Батболдын хар толгойд ч “сэрүүн” зүүдлэгдэж л байгаа. Уг нь “С.Батболд-У.Хүрэлсүх” гэсэн хоршлыг “билэг-арга” гэсэн томъёоллоор хүлээж авахыг тэд өөрсдөө хүсдэг ч улс төрд шинэхэн үүссэн МАХН-АН-ын холбоо тийм боломж өгөх янзгүй. Тиймээс өөрийн мэдэлгүй эхлүүлсэн улс төрийнхөө нүүр царай нь болох шаардлага МАНын эдийн засагч лидерт тулгарч байна. Шүүх, прокурорт нөлөөтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын Н.Энхбаярт урьдын өртэйг мартаж, “ардчилсан” тодотголтой Төрийн тэргүүн АН-ын лидер байсныг тооцолгүй намынхаа нэрийг сольсон нь МАН-ын шинэ удирдлагын алдаа болсон юм.
МАХН-ыг МАН болгосноос үүдэж таагүй дүн гарах үйл явц нэг жилийн дараа ийн дэгдэх байсныг урьдчилан таамагласан бол зүгээр л цаг хугацааны шахаа хийх байж. 2010 оны намар биш, 2012 оны Цагаан сараар ч юм уу, эсвэл намынхаа төрсөн өдрөөр нэрээ сольж пижигнүүлээд, УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай залгуулчихсан бол Н.Энхбаярын МАХН-ыг Дээд шүүх бүртгэж амжихгүй байсан. Жил жилийн наадмын өмнө заавал нэг томоохон чулуу хөдөлгөчихөөд маадгар нь аргагүй зусландаа гардаг Парламент энэ удаа их дайны өмнөх нам гүмд автав. Нам намаараа ээлжилж хэвлэлийн хурал шивэгнэх нь чуулганд хөл хорио тогтоосон аятай.
Олон ой тохиосон нижгэр наадам хэдхэн өдрийн дараа болох гэж байхад Төрийн ордон хачин дүнсгэр. Ажин түжинийг харин АН л сайн ашиглаж байна. Засагт багтсан ёс зүйдээ баригдаж удирдлагынх нь зүгээс илэрхийлж чадахгүй байгаа бүхий л популизмыг сайдын суудал эзлээгүй гишүүд нь ээлж дараалан явуулах болов. АН сонгууль дөхөх тусам сөрөг хүчнийхээ үүргийг албан бусаар гүйцэтгэх нь ойлгомжтой. З.Энхболд, С.Эрдэнээс эхэлж, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нараар буухиалсан МАН-ыг гутаах марафон болж байна. МАН ч бас МАХН-ыг нэрээ авсан даруйд дуугүй суусангүй. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр хоёр муудалцлаа ч гэх шиг богино ухаантай хар пиар хийнэ лээ.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад тухайн үеийн МАХН-ын явуулж байсан ичгүүргүй хар пиар ямар том тус болсныг МАН-ынхан мартаж боломгүй. Сонгуулийн хууль одоо ард түмний санал асуулга, 38:38 гэсэн хоёр талын альд ч үгүй гацлаа. Одоо МАН-ын дарга яах вэ? “Тавантолгой”, “Төмөр зам”, “Утаагүй Улаанбаатар”.. Засгийн газрын эдийн засгийн төслүүд ирийгээд л байдаг. Улс төр нь МАХН-АН-ын хоршоо тоглолтод бүдчээд явдаггүй ээ. Ард түмний санал асуулга явуулах эсэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шийдвэр гаргахад 76 гишүүний гуравны нэг буюу 26 гишүүний дэмжлэг шаардлагатай. Ийм тооны кноп МАН-д ч, эсэргүүцэж байгаа АН, ИЗН-НН, МАХН-д ч хангалттай бий. С.Батболдын хийх улс төр юу бол?
Б.ЭНХЦЭЦЭГ