УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг танай намын Удирдах зөвлөл удирдаад байна уу. Сүүлийн үед АН-ынхан ингэж шүүмжлэх боллоо. Энэ үйлдлээ зогсоохгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулах бололтой. Э.Бат-Үүл гишүүн гарын үсэг цуглуулаад яваа сурагтай?
-Удирдах зөвлөл өөрт ногдсон ажлаа хийгээд л байж байгаа. Бүлгээрээ бүлгийн асуудлаа ярьдаг. АН-ыг хуралдаандаа суугаач гэсэн зүйлийг хэлэлцдэг боллоо, сүүлийн үед. Сонгуулийн Ажлын хэсгийн ахлагч нар бүлгүүдэд мэдээлэл өгдөг. Тухайн асуудлыг хэлэлцээд олонхиороо асуудлаа шийддэг зарчимтай. Түүнийхээ дагуу ажиллаж байна. Гэтэл гацчихлаа. Уг нь Сонгуулийн хууль аминд тулсан “эд” биш л баймаар юм. Бүлгүүдээр тохирч чаддаггүй юм бол ард түмнээсээ асууя гэдэг саналыг АН л гаргасан. З.Энхболд анх санаачилсан биз дээ. Гэтэл санал асуулга явуулах шаардлагагүй боллоо гэснийг нь би ойлгохгүй байгаа. Санал асуулга явуулъя гэхээр манай Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байна гэж АН-ынхан хэлж байна лээ.
Ц.Элбэгдорж чинь бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч биз дээ, уг нь. Саяхан Швейцарьт айлчлахдаа санал асуулгыг чухам л шууд ардчиллын чухал хэлбэр, ард түмнээ ингэж сонсдог байх ёстой юм байна. Энэ арга хэлбэрийг очоод шууд хэрэгжүүлэх юм шүү гээд л явж байсан хүн. Түүнийг ингэж өөрчлөгдсөн гэдэгт би итгэхгүй байна. АН-ынхан Ерөнхийлөгчийн нэрийг бариад байх шиг байгаа юм. Манай намынхан Үндсэн хуульдаа нийцүүлсэн сонгуулийн тогтолцоогоо авъя гэхээр АН зөрүүдэлдэг. Заавал Үндсэн хууль зөрчсөн хувилбарыг сонгоно гэдэг. Түүнээс бус манай Удирдах зөвлөл УИХ-ыг удирдаад байгаа юм байхгүй. УИХ-ын ажилд ч орох шаардлагагүй. Өөрсдөө хамтарсан Засгийн газар байгуулна гэчихээд одоо болохоор Ерөнхий сайдыг огцруулна гэж байгаа АН-ынхан болчимгүй л юм хийж байна даа. Засгийн газарт дүн тавьдаг нь ард түмэн. Төсөв төлөвлөгөө, Үндсэн чиглэл, бензин тосны хомсдол, зуны их ажил, өвлийн бэлтгэл гээд зөндөө ажил байх юм.
-Хамтарсан Засгийн газраас АН гарах гэж байна гэсэн мэдээлэл танд байгаа юм уу?
-Тэдний үйлдэл, хэлж байгаа үг нь тэгж ойлгогдоод байна. Баахан болзол тавьж байгаад Засгийн газраас гарна гэсэн бодолтой байхыг үгүйсгэхгүй. Шулуухан хэлэхэд Засгийн газраас гарах нь АН-ын нэр хүндэд л муу. Засгаар оролдож байна гэдэг чинь их ноцтой үйлдэл.
-Ер нь 38:38 дээр буучих юм биш үү. Энэ болзлын талаар танай Удирдах зөвлөлөөс Бүлгийн гишүүддээ чиглэл өгсөн зүйл байна уу?
-Үндсэн хуулиа зөрчиж л болохгүй. Тэр зарчмаараа явах ёстой. Намаар санал авч, УИХыг байгуулна гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. МАН Үндсэн хуулийн хүрээнд асуудлаа шийдье гэж байгаа. Төр, засгийн ажил үнэхээр зогсчихоод байна. Өөрсдийгөө том улстөрч гэж боддог цөөн хэдэн гишүүний ааш аягаас УИХ-ын үйл ажиллагаа шалтгаалж байна.
-УИХ-ын 76 гишүүний тоог цөөн байна гэсэн яриа хоёр бүлгийн дунд өрнөсөн бололтой. Энэ үнэн үү?
-Манай бүлэг энэ талаар ярьж байгаа. Хот, хөдөөгийн тойргийн сонгогчийн тоо эрс ялгаатай учраас төвийн тойргуудын мандатыг нэмэх замаар, УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудлаар ярьж болох юм гэж манай нам үзсэн. Бүлгээр ч ярьсан. Энэ асуудлаар АН-ын бүлэгтэй ярилцъя гэж байгаа. Гэтэл гол юм руугаа орж өгөхгүй байна. 24:52, 50:26 гэсэн хоёр хувилбар дээр л үзэж тараад байх юм. Тохирч чадахгүй бол 2008 оны хуулиараа ирэх жилийн сонгуулиа явуулъя л даа. Булхай луйвар гаргасан этгээдэд хатуу хариуцлага хүлээлгээд явъя.
-Луйвар булхай гэснээс Танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод байтал Д.Дондог гишүүнийг залилангийн хэргээр эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг яриад эхэллээ шүү дээ…
-Манай шүүх, прокурорынхон хүнийг залхаадаг ажилтай болсон. Үүнийгээ болиоч гэмээр байна. Шалгавал шалгасан шиг шалгах хэрэгтэй. Дондог гишүүн ямар ч хэрэг хийгээгүй гэж байсан. Дахиад 4-5 гишүүний асуудлыг оруулж ирнэ гэсэн яриа ордон хавиар дуулдаад байгаа. Энэ нэг хэрэг. Би жирийн иргэн байхдаа шүүх цагдаагаар их явсан. Бизнес хийдэг хүнийг их залхаадаг юм.
Э.ТӨР