“Урт” нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж уул уурхайн компаниудад 5.1 их наяд төгрөгийн нөхөн олговор олгох төслийг УИХ хэлэлцэхээр болсон. Тэгвэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг анх санаачилсан Б.БатЭрдэнэ, Г.Баярсайхан, Д.Энхбат, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн нар Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга тавьжээ. Ямар аудитын байгууллагын шалгалт, тооцоогоор ийм тоо гаргаж ирсэн, дээрх хуулийн дагуу лицензийг нь цуцлах учиртай 1782 аж ахуйн нэгжийн хэд нь Газрын хэвлийн, Ашигт малтмалын, Байгаль орчныг хамгаалах болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний, Татварын багц хууль тогтоомжийн хүрээнд ажилласан талаар тодорхой баримт, мэдээлэл өгөхийг тэд хүсчээ. Мөн Засгийн газар дээрх хуулийг баталснаас хойш хэрэгжүүлэхийн тулд ямар ажил хийснээ тайлагна гэсэн байна.