Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор гурав дахь удаагаа хүргүүллээ. “УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлд заасан УИХ-ын гишүүдийг гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол мэргэжлийн байгууллагын саналыг УИХ-ын Дэд хорооны болон Байнгын хорооны дарга нар хууль тайлбарлах эрхгүй атлаа хууль тайлбарлаж, чуулганаар хэлэлцүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй. Тиймээс Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсний дагуу гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулсан саналыг УИХын чуулганаар хэлэлцүүлж, зохих шийдвэр гаргуулах саналыг гурав дахиа орууллаа” гэжээ. Дээрх нөхцөл байдлын улмаас бусдад онц их хэмжээний буюу таван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан олон яллагдагчтай энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зогсож, яллагдагч нар ял завших байдал үүсэж байгааг анхааралдаа авахыг Улсын ерөнхий прокурор албан бичигтээ дурдсан байна.