Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү.Батболдыг огцруулах бичиг үйлдсэнээ УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мэдэгдээд буй. “УИХ дахь олонхийн бүлгийг МАН-ын Удирдах зөвлөл удирдах боллоо.
Удирдах зөвлөл даварч байна. Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдан чиглүүлдэг боллоо” хэмээн баатар гишүүн эгдүүцэж байгаагаа нуугаагүй. Ийм шалтгаанаар МАН-ын даргыг Ерөнхий сайдын суудлаас нь буулгахаар тооцжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах саналыг 19 гишүүн дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцдэг журамтай аж.
Энэ талаар Э.Бат- Үүлээс тодруулахад, -Миний саналыг арваад гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Чуулган завсарласан болохоор гишүүд олдоход тааруу байна. Гэхдээ 19 гишүүн дэмжээд гарын үсгээ зурна гэдэгт итгэлтэй байна гэв. Ерөнхий сайд ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа Э.Бат- Үүлийн талаар бодлоо хэлсэн байна.
Тэрбээр ярихдаа, “Бат-Үүлийг улстөрчийнх нь хувьд хүндэлдэг юм. Гэтэл болчимгүй юм хийдэг хариуцлагагүй нөхөр юм байна. Ийм инээдтэй болчимгүй юм хийхээ боль гэж Бат-Үүлд хэлмээр байна” гэжээ.
А.Их-Уул