УИХ 2011 оны хаврын ээлжит чуулган сүүлчийн хуралдаанаа энэ сарын 9-ний өдөр хийлээ. Тэгэхдээ хэд хэдэн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж амжжээ.
Эхлээд БНХАУ-ын Засгийн газраас манай Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын “Экспортимпорт” банкны хооронд байгуулсан ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын ху вь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална” гэсэн заалт байдаг аж. Хятадаас олгох 500 сая ам. долларын зээл энэ квотоос давж байгаа бололтой. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь энэ тухай сануулж, үр ашиг багатай олон жижиг төсөлд биш, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох зарчмаар зээлийг ашиглах хэрэгтэй гээд ерөнхий хэлэлцээрийг дэмжих боломжгүйгээ хэлсэн юм. Гэвч гишүүдийн олонх нь зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив. Чуулганы хуралдаанд оролцсон 47 гишүүний 38 нь буюу 80.9 хувь нь Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахын төлөө санал өгсөн. Уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь долоон жил юм байна.
Зээлийн 200 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах болон гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авах зэрэг хүнс, хөдөө аж ахуйн төсөлд, 60 сая долларыг нь шинэ зууны боловсрол, цахим эрүүл мэнд төсөлд, 140 саяыг нь нийслэлийн баруун дөрвөн зам, Баянбүрд, “Саппоро”-гийн аюулгүйн тойрогт байгуулах замын олон төвшний огтолцлын төсөлд, үлдсэн 100 саяыг нь Сонсголон, Замын цагдаагийн баруун өмнөх уулзвар, Яармагт шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, төмөр зам дээгүүрх гүүрэн гарц төсөлд зарцуулахаар төлөвлөж байгааг Сангийн сайд С.Баярцогт танилцуулсан.
Оюутнуудыг цалинтай болгохоо Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж сонгуулийнхаа үеэр амлаж байв. Тэгвэл тэр зорилго хэрэгжихээр боллоо. Төрийн тэргүүний санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг гишүүдийн 98.1 хувь нь дэмжсэн. Ингэснээр их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй оюутан 10 сарын турш сар бүр хөдөлмө рийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх “цалин”-тай болж буй юм.
Оюутнууд 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс цалинжиж эхлэх аж. Намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулганыг зарлаж мэдэхээр байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Тавантолгой хийгээд сонгуулийн тогтолцоо зэрэг бас бус асууд лыг хэлэлцэх шаардлагын улмаас ээлжит бус чуулган зарлахыг гишүүд үгүйсгэхгүй байгаа юм. Хаврын чуулганыг завсарлуулахаас гурав хоногийн өмнө УИХ дахь МАН, АНын бүлгийн дарга нар зарим тохиролцоог хийсэн. Намрын чуулганаас өмнө Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр саналаа нэгтгэж, намрын чуулганы эхээр батлуулахаар зөвшилцөөд буй. Хэрвээ ээлжит чуулганаас өмнө тохиролцоонд хүрч чадвал ээлжит бус чуулган зарлаж мэдэхээр байгаа. Бүлгүүдийн хооронд үл ойлголцол үүсгээд байсан санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэхийг хойшлуулахаар Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг нар тохироод байгаа юм.
Чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ Монгол Улсын эдийн засагт бий болоод буй нааштай өөрчлөлтүүдийн талаар онцолж, олсон амжилтаа бататгахын чухлыг захив. Тэрбээр хэлэхдээ, “Энэ оны эхний хагас жилийн байдлаас үзэхэд манай орны эдийн засгийн бүх салбар, чиглэлд нааштай үр дүн гарчээ. Иргэдийн мөнгөн хуримтлал, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт өсөж, улсын төсөв, санхүүгийн чадамж нэмэгдлээ. Дотоодын компаниудын үйл ажил лагаа өргөжжээ. УИХ-аас инфляцыг жил дээ нэг оронтой тоонд барих талаар тавьсан зорилт хангагдах боломжтой байна. Хэрэглээний үнийн индекс 4.7 хувьтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн орлого хоёр их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 58.6 хувиар өсчээ. Ингэснээрээ төсвийн нийт зарлагаа бүрэн санхүүжүүлж, цаана нь 104 тэрбум төгрөг үлдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын банкин дахь мөнгөн хөрөнгө өнгөрсөн оны мөн үеэс 63 хувиар өсөж, 5.8 их наяд боллоо. 2010 оны улсын тооллогын дүнгээс үзэхэд хүн амын нийт дүнд баялаг бүтээгчдийн хувийн жин өсөж, 1989 онд 100 хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөр эрхлээгүй 86 хүн ногдож байсан бол өнөөдөр 45 болж буурчээ. Ийнхүү баялаг бүтээгчид эрс нэмэгдлээ” гэсэн урамтай үгээр чуулганыг өндөрлүүлэв.
Го.Энхтөр