Монгол ардын намын хяналтын хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нарын гаргасан гомдолд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хариу өглөө. Түүнд “МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэх тухай УДШийн 2011 оны зургадугаар сарын 24-ний 07 дугаар тогтоолыг Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус болсон гэж үзэж, УДШ-ийн Ерөнхий шүүгчид гаргасан та бүхний гомдлыг хүлээн авч, танилцлаа.
Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэсэн УДШ-ийн тогтоолд гомдол гаргах журам тусгагдаагүйгээс гадна энэ хуулийн есдүгээр зүйлийн дөрөв, зургадугаар заалтад буй “Улсын Дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш энэ хуулийн зүйл, заалтыг нягтлан үзэж, ажлын 30 хоногийн дотор тухайн намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох бөгөөд энэ тухай нийтэд мэдээлнэ”, “Хуульд заасан шаардлагыг хангаж, улсын бүртгэлд бүртгүүлснээр нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй” гэж зааснаар УДШ-ийн тогтоол гармагц биелэгдэх шинжтэй болдог талаар тодорхой тусгагдсан тул Та бүгдийн гомдлоор хүчин төгөлдөр тогтоолыг хянах, улмаар хүчингүй болгох бүрэн эрх Ерөнхий шүүгчид байхгүй болохыг мэдэгдье” гэжээ.
Мөн “Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолыг хянах эрх Ерөнхий шүүгчид хуулиар олгогдоогүй хэдий ч Та бүгдийг хүндэтгэж, гомдолд тусгагдсан бусад үндэслэлийн талаар тайлбар өгөх нь зүйтэй” гээд гомдолд дурдсан үндэслэл бүрт тодорхой хариулт өгч, УДШ-ийн 2011 оны зургадугаар сарын 24-ний 07 дугаар тогтоол Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Г.Цолмон