Сум, багийн Засаг даргыг Иргэдийн хурлын төлөөлөгч гэх хэдэн хүн томилдог юм. Энэ нь сүүлдээ хамаатнууд ярилцаад хамаатнаа дарга болгодог гаж хэлбэр болж хувирсан юм. Ер нь сум, багт сонгуулийн насны иргэн цөөхөн. Гэр бүлсэг хамаатнууд сэргэлэн байж чадвал орон нутгийн эрх мэдлийг амархаан авчихна. “Цус ойртсон” энэ явдлыг манай УИХ-ын гишүүд сайн мэддэг учраас хождоогүй дээрээ “арга хэмжээ” авахаар болжээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн талаар Ажлын хэсэг санал боловсруулж хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэлээ. Энэ чиглэлээр зарим тандалт судалгаа ч хийгдсэн”-ийг онцолсон.
Тэгвэл хамгийн түрүүнд өөрчлөхөөр УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн тохирсон зарим нууцаас “задалж” байна. Үндсэн хуулийн жардугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтын зарим хэсгийг өөрчлөхөөр болжээ.
Сумын Засаг даргыг “цус ойртсон” ИТХ-аас бус, сумын нийт иргэдийн шууд сонгуулиар, гэхдээ нам биш иргэд дундаасаа, эсвэл өөрийгөө нэр дэвшүүлж санал болгох зарчмаар сонгодог байхаар бүлгүүд тохиролцоонд хүрсэн байна. Аймаг, нийслэлийн Засаг даргыг одоогийн хуулиар ИТХ-аас нэр дэвшүүлж, дээд шатнын Засаг дарга, Ерөнхий сайд томилдгийг болиулж Засгийн газрын тэргүүн шууд томилдог байхаар Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөхөөр тохирчээ.
Го.Энхтөр