Байнгын хороодын дарга нараас Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр тайлангаа анх тавьсан юм. Хаврын чуулганы хугацаанд ХЗБХ 15 удаа хуралдаж, 45 асуудал хэлэлцсэн юм байна. Тэдгээрээс долоон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл гурвыг, бусад асуудал нэгийг л баталжээ.
Байнгын хорооны тогтоолоор байгуулсан есөн Ажлын хэсэг 43 удаа хуралдсаныг Д.Одбаяр хэлж байсан. Эдийн засгийн байнгын хороо тайлангаа өчигдөр танилцуулав. Эднийх 22 удаа, Ажлын хэсэг 70 гаруй удаа чуулганы үеэр хуралдахдаа 280 гаруй цаг зарцуул сан гэнэ.
Хэлэлцсэн 33 хууль, бусад шийдвэрийн 15 хувийг буюу зургаан хууль, бусад шийдвэрийг баталжээ. Тус Байнгын хороонд төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс 515 хуудсаар тоологдох 300-гаад албан бичиг, 130 гаруй өргөдөл, гомдол бүхий бичиг ирсэн юм байх. Тайлангийн хугацаанд 31 удаа 49.800 хуудас материалыг олшруулан тараажээ. Байнгын хороодоос танилцуулсан эдгээр мэдээнээс үзвэл хаврын чуулганы үеэр тун хангалтгүй ажилласан гэж хэлж болохоор аж.
Д.Зоригт даргатай ЭЗБХ гэхэд төлөвлөсөн асуудлынхаа дөнгөж 15 хувийг гүйцэлдүүл сэн байх жишээтэй. Харин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 100 тэрбум, хонь, тэмээний ноос боловсруулах үйлдвэрүүдэд ноос бэлтгэж тушаасан хоршооны гишүүн, малчдад олгох мөнгөн урамшуулалд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд 150 тэрбум гээд нийтдээ 300 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалах, хонь, тэмээний ноос боловсруулах үндэсний үйлдвэрүүдэд бэлтгэж тушаасан нэгдүгээр зэргийн ноосны кг тутамд ногдуулах урамшууллын 2000 төгрөгийг жил бүрийн улсын төсөвт тусган олгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон тогтоолын төслийг ЭЗБХ-гоор хэлэлцүүлж, УИХ-аар батлуулсан сайн мэдээ бас байна.
А.Их-Уул