БНЭУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратиба Дэвисингх Патил өнөөдөр манай улсад хүрэлцэн ирнэ. Өнөө орой энэтхэг иргэд болон Энэтхэгийн монгол найз нөхдийн төлөөлөлтэй уулзах юм. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоноос хойш 56 жил болж буй.
Манай орон Делид 1956 онд, БНЭУ Улаанбаатарт 1971 онд тус тус ЭСЯ-аа нээсэн. Монгол Улс, БНЭУ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг 1994 онд байгуулжээ. Айлчлалтай холбогдуулж ГХЯны Азийн газраас ирүүлсэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаарх зарим мэдээллийг хүргэж байна. Хоёр орон харилцаа, хамтын ажиллагааны ерөнхий зарчмуудаа тодорхойлон 1973 онд хамтарсан тунхаглал, 1989, 2001, 2004 онд хамтарсан мэдэгдэл, 2009 онд хамтарсан тунхаглал тус тус гаргасан. Хоёр орны хооронд хамтын ажиллагааны 40 орчим гэрээ, хэлэлцээр байгуулжээ.
Энэтхэгийн Дэд ерөнхийлөгч 1957, 1988, 1992, 1996, 1999 онд, Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга 2010 онд Монголд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга 1959, 1973 онд, АИХТ-ийн дарга 1989 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 1994, 2001, 2009 онд, УИХ-ын дарга 1996, 1998, 2010 онд, Ерөнхий сайд 2004 онд БНЭУ-д тус тус албан ёсны айлчлал хийсэн. 2011 оны долдугаар сард Энэтхэг Улсын Ерөнхийлөгч анх удаа Монгол Улсад айлчилж байна. Монгол Улсын
Гадаад харилцааны сайд 1975, 1978, 1982, 2005 онд, ГХЯ-ны төлөөлөгчид 1969, 1974, 1985, 1986, 1992, 1993 онд Энэтхэгт, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд 1976 онд, ГХЯ-ны төлөөлөгчид 1972, 1984, 1990, 1992, 1993, 1998, 2002, 2003, 2009, 2011 онд манай оронд тус тус айлчилсан. Монгол, Энэтхэг 1996 онд худалдаа, эдийн засгийн хэлэлцээрээ шинэчлэн байгуулсан. Энэтхэгийн уул уурхайн салбарын төлөөлөгчид 2010 онд Монголд айлчилж хамтын ажиллагааны протокол байгуулж, 2011 онд Монголын Эдийн засгийн чуулга уулзалтад Энэтхэгийн уул уурхайн төлөөлөгчид оролцсон юм. 1990 оноос БНЭУ-ын 30 компани долоон сая 527 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд манай улсад бүртгэгдсэн нийт хөрөнгө оруулалтын 0,15 хувийг эзэлж байгаа буюу 30 дугаар байранд бичигддэг байна.
Энэтхэг улстай Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Зас гийн газар хоорондын хамтарсан хороог 2004 онд байгуулсан.
Тус хорооны Энэтхэгийн хэсгийн даргаар ГХЯ-ны Төрийн сайд, хатагтай Принийт Каур, Монголын хэсгийн даргаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ажилладаг. Энэтхэгийн "Айтек" хөтөлбөрийн хүрээнд 1987 оноос эхлэн төрөл бүрийн мэргэжлээр манай мэргэжилтнүүд урт, богино хугацааны сургалтад хамрагдаж ирсэн бөгөөд 2009 оноос сургалтад хамрагдагсдын тоог 120 болгон нэмэг дүүлсэн.
Соёлын солилцооны хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр 2003 оноос эхлэн жил бүр 30 оюутан их, дээд сургуулийн үндсэн ангид элсэн суралцаж байна. Мөн хувийн шугамаар 300 гаруй оюутан суралцаж буй юм. Хоёр орны буддын шашны зарим байгууллагын шугамаар болон хувиараа Өмнөд Энэтхэг болон Дарамсалад нийт 300 орчим монгол лам хувраг шавилан суудаг.