Монголын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилгоор Австрийн “Сосайти” сэтгүүл энэ оны хоёр дахь дугаарынхаа “Улс орны тухай танилцуулга” буландаа Монгол Улсыг онцлон, 18 нүүр бүхий танилцуулга гаргасан. Тус дугаарт БНАУ-ын Ерөнхийлөгч Х.Фишер, тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ж.Энхсайхан нарын мэндчилгээ, Элчин сайдын ярилцлага, нүүдэлчин монголчуудын тухай нийтлэл, Монголын нийгэм, эдийн засаг, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсон, Монголын түүхий эдийн нөөц баялаг, олборлолт нь эдийн засгийн өсөлтөд нь хэрхэн нөлөөлөх, Австри улс Монгол Улсын эдийн засаг, худалдааны харилцааны талаар Австрийн худалдааны танхимын мэргэжилтний ярилцлага зэрэг сонирхолтой мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн байна. Үүнийг www.society.at хаягаар орж үзэж болно. 1945 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн “Сосайти” сэтгүүл эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, гадаад харилцаа, соёл урлагийн салбарт өрнөсөн чухал үйл явдлуудын талаар мэдээлдэг, улиралд нэг удаа гардаг Австрийн нөлөө бүхий сэтгүүл юм байна.
Э.ТӨР