Монгол, Энэтхэг улс өнө эртний харил цааны түүхтэй. Монгол угсааны олон хаад, ноёд Энэтхэгийн түүх соёлд гайхамшигтай ул мөр үлдээсэн гэдэг. Ертөнцийн найман гайхамшгийн нэг Таж Махалыг Моголын их хаан Шах Жахан хайртай хатан Мум таз Махалынхаа дурсгалд зориулан бариулсан гэдэг. Тиймдээ ч Энэтхэгийн үе үеийн удирдагчид Монголд тун элэгтэй байв. М.Ганди, Ж.Неру, И.Ганди, Р.Ганди гэдэг нэр монголчуудад дотно сонсогддог. Ж.Неругийн охиндоо бичсэн захидлуудыг бидний үеийнхэн хүүхэд насандаа амтархан уншдаг байсан сан. Монголын ардчилсан Ерөнхийлөгчийг хамгийн түрүүнд хүндэтгэн урьсан эрхэм бол БНЭУ-ын анхны эмэгтэй Ерөнхийл өгч Пратибха Девисингх Патил юм. Манай Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн заллагыг эрхэмсэг хатагтай удаасангүй. Хувьтай хүн хур борооноор гэж монголчууд хэлдэг. Тэрхүү эрхэм бэлгэшээлээр хатагтай П.Д.Патил, нөхөр Девинсингх Рамсингх Шек хаватын хамт Монголд ирээд байна. Эрхэм зочдыг угтан авах ёслол өчигдөр 10.00 цагт Улаанбаатарын төв талбайд хуртай эхэллээ.
ХЭЭРИЙН ЗОЧНЫГ МОРЬТОЙ ХҮНДЭТ ХАРУУЛ УГТДАГГҮЙ
БНЭУ-ын Ерөнхийлөгч, хатагтай П.Д.Патил 100 шахам төлөөлөгчийн хамт иржээ. Хэрийн зочныг угтахад Монгол төрийн морьтой хүндэт харуул жагсаад байдаггүй санагдана. Эртний өмсгөлтэй морь унасан баатрууд хатагтай П.Д.Патил, ноён Д.Р.Шекхават нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нарын хамт угтав. Угтах ёслолын үеэр хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, дараа нь Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Угтах ёслолд манай талаас УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд В.Энхболд, БСШУ-ы сайд, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ё.Отгонбаяр тэрг үүтэй төлөөлөгчид, Энэтхэгийн талаас Төрийн сайд Махадев С.Кандела, Парламентын гишүүн От Леча, Сушила Тирия, Маникрао Х.Гавит, ЕТГ-ын дарга Кристи Фернандес, ГХЯ-ны Төрийн сайд Санжей Сингх тэргүүтэй төлөөлөгчид байлцав.
Монголын Ерөнхийлөгчийн санаачилгыг эрхэмсэг хатагтай бүрэн дэмжихээ мэдэгдэв
Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа БНЭУын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт уламжлалын дагуу гарын үсгээ үлдээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-ын Ерөнхийлөгч П.Д.Патилыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч ёслолын уулзалтын дараа албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээ нэг цаг хэртэй үргэлжиллээ. Хэлэлцээний эхлэлийг сурвалжлагчид нэг минут ажиглаж, гэрэл зурагчин, телевизийн операторуудад мөн адил хугацаанд зураг, дүрс авах боломжийг манай ГХЯ-ныхан олгов. Яриа хэлэлцээр ажил хэрэгч, бүрэн ойлголцсон, элэгсэг дотно уур амьсгалд болсон гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээлсэн юм. Цааш үргэлжлэх албан ёсны мэдээлэлд “Хоёр Ерөнхийлөгч талуудын хүчин чармайлтын дүнд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж, эрдэс баялаг, уул уурхайн салбарт бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг онцлон тэмдэглэв. Хоёр орны хооронд цөмийн эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд мөн шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, мөн нийгмийн хамгаалал, байгаль орчин болон орон нутаг хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээр тохиролцлоо. Хоёр тал Улаанбаатар хотод Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн хамтарсан төв байгуулахад зориулж, БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов. Энэтхэгийн тал хоёр орны хооронд соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог жилд 50 хүртэл нэмэгдүүлэх, Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлб өрт хамрагдагсдын тоог жилд 150-д хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Айлчлал Түүнчлэн хоёр тал Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургууль, Важпайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологийн төвийн сургалтын баазыг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Батлан хамгаалах, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллана
Албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа хоёр улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов. ”Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сатбир Сингх, “Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид солилцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга Санжай Синг нар, ”Монгол Улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, БНЭУын Төлөвлөгөөний Комиссын хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, БНЭУын Төлөвлөгөөний комиссын Нарийн бичгийн дарга Судха Пиллай нар тус тус гарын үсэг зурав.
Цацраг идэвхт бодис, цөмийн эрчим хүч ашиглах талаар санал солилцжээ
Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж, БНЭУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай П.Д.Патил нар гадаад, дотоодын сурвалжлагч нарт зориулан хэвлэлийн бага хурал хийлгэв. Ноён Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийл өгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээ ажил хэрэгч, бүрэн ойлголцсон, элэгсэг дотно уур амьсгалд болов. Бид 2009 онд БНЭУ-д хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас хойш хоёр орны харилцаанд гарсан ахиц дэвшлийг дүгнэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Энэ хугацаанд хоёр талын хүчин чармайлтын дүнд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж, эрдэс баялаг, уул уурхайн салбарт бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг тэмдэглэлээ. Цаашид цөмийн эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд мөн шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, нийгмийн хамгаалал, байгаль орчин болон орон нутаг хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээр тохиролцлоо. Айлчлалын үеэр болох хоёр орны бизнесийн чуулга уулзалт манай ажил хэрэгч хүмүүсийн хооронд амьд хэлхээ холбоо тогтох, бодитой хамтын ажиллагаа хөгжих чухал гараа болно гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орон бүс нутаг, олон улсын тавцанд амжилттай хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлж, цаашид мэдээлэл солилцож зөвлөлдөх, харилцан биенээ дэмжихээ дахин нотоллоо. Ялангуяа, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаанд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх үйлст хамтран ажиллахаар тохиролцлоо хэмээн тэмдэглээд БНЭУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол оронд тавтай морилохыг хүслээ. Хатагтай П.Д.Патил хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНЭУ-д хийсэн айлчлалаар хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэлийн төвшинд хүргэж өргөжүүлэхээр тохиролцсон тэрхүү эрч хүчинд тулгуурлан, Монгол оронд хийж буй миний энэ удаагийн айлчлал хоёр орны цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөж үүлэхэд оршиж байна. Манай хоёр орныг өнө эртнээс холбож ирсэн соёлын болон шашны хэлхээ холбоо, эдгээр салбарууд дахь харилцааны уламжлалыг бататган бэхжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, бүс нутгийн хүрээнд боловсролыг, тэр дундаа Буддын гүн ухааны сургуулийг цэцэглүүлж байгаа Энэтхэгийн “Наландаг” Их сургуультай Монголын тал харилцаагаа сэргээх хэрэгтэй байгаа талаар би онцлон дурдлаа. Өнөөдөр манай хоёр оронд ардчилал, хууль, шударга ёс, хүний эрхийг үнэт зүйлс болгон дээдэлж байгаа нь бидний нийтлэг ололт юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтэй хийсэн өнөөдрийн яриа хэлэлцээ Монгол, Энэтхэгийн харилцаа, түүнчлэн хоёр орны ашиг сонирхолтой холбоотой бүс нутгийн болон олон улсын тулгамдсан өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн маш чухал уулзалт боллоо. Хоёр тал Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус салбарт Энэтхэг Улс, Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ илэрхийлье” гэв. Цацраг идэвхт бодис болон цөмийн эрчим хүчийг энхийн замаар хамтран ашиглах, хоёр улсын агаарын замын хамтын ажиллагааг шинээр бий болгох талаар Төрийн тэргүүнүүд мөн санал солилцжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Энэтхэг Улсад дахин айлчлахыг П.Д.Патил урьсан байна.
Хүч хэрэглэхгүй, эвийг эрхэмлэгчийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Энэтхэгийн Ерөнхийл өгч, хатагтай Пратибха Девисингх Патил Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхон дахь Энэтхэгийн удирдагч Махатма Гандийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Түүнийг очиход Монгол дахь энэтхэг иргэдийн төлөөлөгчид угтсан юм. М.Гандийн хөш өөний өлмийд энэтхэг заншлаар цэцгийн дэлбээ цацаж, баглаа цэцэг өргөхөд тэнд цугларагсад М.Гандийн тухай дуулцгааж байв. Мөн монгол сурагчид энэтхэг дуу дуулж, Дашчойлин хийдийн лам хуврагууд бурхны ном айлдсан. Хөшөөнд цэцэг өргөхөд зөөлөн бороо шивэрч байв. Дашрамд сонирхуулахад, М.Ганди нь хүч хэрэглэхгүйгээр эвийг эрхэмлэгч улстөрч гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан юм. Түүний бий болгосон улс төрийн онолыг “Ашрам” хэмээн нэрлэдэг. “А” нь хүч хэрэглэхгүй, “шрам” гэдэг нь эе эвийг ологч гэсэн утгатай санскрит үг юм. Эрхэмсэг хатагтай П.Д.Патилын байрлаж буй зочид буудалд өчигдөр 17.30 цагийн үед Ерөнхий сайд С.Батболд, түүний дараа Монголын эмэгтэй улстөрчдийн төлөөлөл очиж бараалхав. Их тэнгэр цогцолборын “Хан-Уул” харшид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийн хамт БНЭУ-ын Ерөнхийлөгч П.Д.Патилыг нөхрийн хамт хүндэтгэн үдшийн зоог барьснаар айлчлалын хоёр дахь өдрийн арга хэмжээ өндөрлөв.