“Итгэл-хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн, Тэргүүн хатагтай Х.Болормаад Японы Шизүока мужийн захирагч Х.Кавакацү тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтад Монголын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга болон албаны бусад хүн байлцав.
Ноён Х.Кавакацү Тэргүүн хатагтай Х.Болормаад хандан халуун дотноор угтан авсанд талархал илэрхийлээд хорт хавдрын эсрэг тууштай ажиллан олон зуун хүнд амьдрал бэлэглэх буянтай ажил үйлс өрнүүлж байгаад нь баяр хүргэн цаашид ч хорт хавдрын өвчлөлтэй тэмцэхэд нь тус санг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Тэргүүн хатагтай Х.Болормаа Х.Кавакацүтэй 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр уулзаж байжээ. Тэр үеэр Шизүока мужийн Хавдар судлалын төвд зочилж байснаа дурдаад Шизүока мужаас “Итгэл-хавдаргүй Монгол” санд бэлэглэсэн биет үзүүлэн нь монгол эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулахад ач холбогдлоо өгч байгаа гэдгийг онцлов.