УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой ярилцлаа.
-Н.Энхбаяр МАХН-аа Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нь МАНын дотор сонирхолтой “агаар” үүсгэсэн. “МАХН-ын бүлэг байгуулах гэсэн хэсэг нөхөр Д.БалданОчир гишүүний өрөөнд уужээ”. Ийм мэдээлэл хэвлэлээр хэсэг шуугисан…
-Наад тухай чинь хэвлэлээр баахан гарсан. Санаа зовмоор юм билээ. Наадмын уур амьсгал орчихсон үе л дээ. Мөнх-Очир Булганаас Могодын айраг авчирсан байсан. Үнэхээр сайхан айраг. Тэгээд манай өрөөнд энэ хавийн Раш гуай, Мөнх-Очир, ДамбаОчир, Тэрбишдагва нар цуглаад жаахан айраг уусан юм. Хаалга онгорхой. Сэтгүүлчид үүдээр шагайж л байсан. Хардах эрхээ хэтрүүлсэн юм байлгүй. Энэ нөхөд МАХН-ын бүлэг байгуулах гээд найрлаж байна гэсэн агуулгатай мэдээлэл сониндоо гаргасан байсан.
-Миний санаж байгаагаар Та УБХ-ын хамгийн залуу гишүүний нэг байсан. Одоо ч үзэл бодлоосоо гуйваагүй байх найдаж байгаа.
-Би аль болох өөрийнхөө баримталдаг тэр үзэл бодлоороо, идэвхтэй, эрүүл саруул байхыг л хичээдэг. Улсын бага хурлын хамгийн залуу гишүүн нь С.Баярцогт, 23-тай. Би 26-тай байлаа шүү дээ. Бид Залуучуудын эвлэлийн төлөөлөл болж УБХ-д сонгогдсон. Гарман дээр морио солихгүй гээд би энэ намыг сонгосон.
С.Баярцогт МСДН-д элссэн. Сангийн болон Үйлдвэр, худалдааны яамны сайд, Дархан хотын даргаар ажиллах саналыг надад нэг бус удаа тавьж байсан. Залуу хүн учраас суралцах, хувийн амьдралаа төвхнүүлэх зэрэг олон шалтгаан байсан учраас тухайн үед татгалзсан юм. Би итгэл үнэмшилдээ үнэнчээр зүтгэдэг. Тийм ч байх болно гэж л бодсоор өдий хүрсэн.
-УБХ-ыг одоогийн УИХтай харьцуулах аргагүй биз. Шилжилтийн хүнд үеийг туулахад УБХ онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэр үеийн зах зухаас сонирхуулбал УИХ-ын гишүүдэд сургамжтай байж мэднэ.
-Оросууд манайхаас гараад явчихсан. Бүх зээл, тусламжаа зогсоочихсон үе. Зах зээлийн харилцааны эрх зүй, суурь үндсийг бий болгохын тулд УБХ ханцуй шамлаад орсон цаг тохиосон. УБХ ажлын долоон өдөр хуралддаг байлаа. Бид чинь “Каросса” гээд улаан автобусаар ажилдаа ирж, очно. Шарын гол, Багануур, Шивээ Овоогийн байдал их хүндэрсэн.
Оросуудын байдал хүндрээд ирэхээр тэндээс авдаг шатахуун, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт тасарсан. Улаанбаатар бүхэлдээ хөлдөх аюулд ороод байлаа. Тэгээд УБХ-ын гишүүдэд томилолт өгөөд уурхайнуудад ажиллуулсан юм. Би Багануурт очсон. Шөнө нь гараад өглөө шууд уурхай дээр яваад очтол үүдний жижүүр настайвтар эгч оруулдаггүй. Дарга ойрдоо хүн хүлээж авахгүй гээд.
-УБХ-ын гишүүн байна гээд томорч болдоггүй юм уу?
-Бидэнд тийм хүмүүжил байгаагүй юм чинь. Тэгээд жаахан суулаа. Уурхайн даргын өрөөнд шуурхай хурал болж байсан юм билээ. Хурал тараад дарга нь гарч ирснээ намайг таньсан. Тэгсэн нөгөө эгч дараа нь надаас уучлал гуйгаад. 1992 оны эхээр бас нэг хөгтэй явдал болсон.
Шинэ Үндсэн хуулиа баталчихаад түүнээ танилцуулах, Төрийн сүлдээ залах ажлаар УБХ-ын гишүүдийг орон нутагт томиллоо. Завханы Донойн хөндийд онгоцоор буулаа. Аймгийн захиргаанаас намайг тосох ёстой хүн цагаасаа хоцорчихсон. Тэгэхээр нь би түрүүлээд Аймгийн захиргаа руу яваад оччихсон. Нөгөө хүнээ би танихгүй.
Тэр маань УБХ-ын гишүүн гэхээр нь “гоголь” малгайтай, кракуль захтай пальтотой, ширвээ хар сахалтай хүн гэж төсөөлсөн юм шиг байгаа юм. Түрүүлээд ирчихээд байсан чинь гаднаас нэг настайвтар ах, дарга аа, өнөө Балдан-Очир чинь ирдэггүй” гэсээр ороод ирлээ. Ер нь хүн бол өөрийнхөө нас намбанд таарсан зан авиртай байх хэрэгтэй гэж боддог.
-Экс даргынхаа талаар юу гэж бодож байна. Намбандаа байж чадаж байна уу?
-Өнөөгийн төр засаг, энэ нийгэмд бугшсан хамаг муу муухайг л шүүмжлээд байгаа хүн шүү дээ. Өнгөрсөн 20 жилийг би ялгаж үздэг. 1990-2000 оны алдаа оноог дэнсэлж болно. Дараагийн арван жилд нь бид харин алдаа гаргах эрхгүй байлаа. Өмнөх арван жилд нь үзээгүйгээ үзчихсэн. Улс төрийн намууд өөрсдөдөө дүгнэлт хийх хангалттай цаг үеийг туулчихсан байв.
Сүүлийн арван жилийн алдаа оноо ярих юмгүй, манай Н.Энхбаяр даргатай шууд холбоотой. Бултаж мэлзэх ямар ч арга байхгүй. Өөрийнх нь засаглалын үед ганцхан энэ хүн цагаан хун болоод бусад нь хар хэрээ байсан байж таарахг үй. Үүнийг нь ерөөсөө ойлгохгүй байгаа. Ийм хэтэрхий туйлшрал байж болохг үй. “Эвтэй байхдаа хүчтэй” гэж анх өөрөө тунхаглаж гарч ирсэн хүн.
Дотоодын энэ хагарал тэмцэл чинь үндэстэн дамнасан корпорациуд, том гүрнүүдэд л ашигтай. Монголчуудад сайн зүйл ер байхгүй. Тогтвортой төр, үндэстнээ гэсэн үзэл санаа л Монголыг хүчтэй байлгаж чадна. Гэвч “эвтэй байхдаа хүчтэй” гэдэг хүн маань түүнийхээ эсрэг ажиллаад байгааг ойлгохгүй юм.
-Н.Энхбаяр МАХН нэрээ авчихлаа. Энэ нь МАН-ын ялалт байгуулах магадлалыг үгүй болгож байна гэсэн үг үү?
-Сүүлийн 10 жилд энэ хүн л эрх мэдэлтэй байсан. Тэр үед ярьж хэлж байснаасаа буцаж байгааг нь л гайхаад байгаа юм. Би яагаад Африкийн жишээг ярих гээд байна гээч. Том хөрөнгө оруулагчид Монголын баялгийг аль болох үнэгүй авах гээд байна. Монголчууд сөргөлдөж л байвал тэдэнд ашигтай. Бид эвтэй байвал тэд чадахгүй. Африкийн орнуудыг хөрөнгөтнүүд ингэж л талцуулж, дундаас нь хожиж байгаа. Нэг хүн зөвхөн өөрийнхөө хүсэл зоригийн төлөө хорвоог туулж бардаггүй.
Ухаантай л хүн юм бол эх орноо Африкийн орнууд шиг задалж бутаргахыг хүсэхгүй байх, Энхбаяр дарга. Өөрөө хэлсэн байна лээ. Манай намын бодлого, үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн намтай хамтран ажиллахад бэлэн гэж. Эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө ухаалаг бодлого энэ хүнээс гарах байх. Ер нь хараад байхад намуудын дарга нарын зөрчил л өнөө хэр үргэлжлээд байна.
Хувь хүмүүсийн бие биенээсээ өшөөг өө авдаг арга хэрэгсэл нь намын, төрийн тамга байж болохгүй шүү гэж хэлмээр санагддаг. Нэг нийгмээс нөгөөд шилжих, цоо шинэ нийгмийн эдийн засаг, эрх зүйт төрийг төлөвшүүлэх туйлын хүнд үе 1990-ээд он байсан юм. Биднийг хорин хэдтэй, ардчиллын төлөө гүйж явахад та нар хаана байсан юм гэж хэлбэл бид ч бас чадна шүү дээ. Тэгэхийг бид хүсдэггүй л байхгүй юу.
-“Угшил” нэгтэй улс төрийн хүчн үүд юм чинь сонгуулийн өмнө МАН, МАХН-ыг нэгдэх, үгүй гэхэд эвсэл байгуулах байх гэж таамаглаж байгаа. Байж болох хувилбар мөн үү?
-Юмыг яаж мэдэх вэ. Монголын нийгэм хариуцлагатай болж чадаагүй байна. Ус агаар шиг дутагдаж байгаа зүйл бол хариуцлага, эмх цэгц, шударга ёсны асуудал. Хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд бидэнд эв нэгдэл, эрүүл ухаан хэрэгтэй.
Го.Энхтөр