Японы зүүн хэсэгт өнг өрсөн гуравдугаар сард байгалийн гамшигт үзэгдэл болсон. Энэ үеэр манай улс тусламжийн гараа сунгасанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро талархаж буйгаа илэрхийлж, өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Элчин сайд манай Засгийн газар болон МИАТ компани, Монголын аялал жуулчлалын холбоо, хандив өргөсөн иргэдэд баярласнаа илэрхийлж байлаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар тухайн үед хуралдаж яаралтай арга хэмжээ авсан.
Нийт нэг сая долларын тусламж үзүүлж, манай улс руу аврах баг илгээн, 2500 ширхэг дулаан хөнжил болон эд материа лын тусламж үзүүлсэнд бид талархаж байгаа. Төрийн албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивласан нь гамшигт нэрвэгдсэн иргэдэд урам зориг өгч байсан” гэв.
Үүнээс гадна гамшигт өртсөн иргэдийг Монголд урьж ирүүлэх хөтөлбөрийг бусад орноос түрүүлж санаачлан хэрэгжүүлснийг Элчин сайд онцоллоо. “Монгол орон өргөн уудам тал нутаг, үзэсгэлэнт байгальтай учраас хүн энд тайвширч амардаг. Гамшигт нэрвэгдсэн иргэд тайван орчинд цагийг өнгөрөөх нь юу юунаас илүү чухал байсан. Энэ утгаараа тус хөтөлбөр нүдээ олсон тусламж болсон” хэмээн тэрбээр хэллээ. Ма най улс өнгөрсөн хугацаанд гурван ээлжээр Японы 24 иргэнийг урьж ирүүлэн, бүх зардлыг нь холбогдох газрууд хариуцжээ.
Хурлын дараа Элчин сайдаас Тавантолгойн тендерийн эцсийн дүнгийн талаарх байр суурийг нь сонирхлоо.
-Тавантолгойн тендерийн дүнгээр Японы компани хасагдсаныг янз бү- рээр тайлбарлаж байгаа. Та энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж болох уу?
-Би энэ талаар байр сууриа илэрхийлэх хүн биш ч тендерийн шалгаруулалтад эргэлзэж байгаа. Учир нь манай улс Хятадын “Шинхуа” групптэй хамтарч оролцсон ч Японы компани замаасаа гээгдсэн байсан. Монголоос тендерт оролцож буй компани өнгөрсөн хоёрдугаар сард байгаагүй. Гэтэл Монгол, Оростой хамтарч оролцохоор болсон байсан. Одоо хүртэл Монголоос ямар компани оролцож буй нь тодорхойгүй байна.
Зургаан компаниас гурвыг нь сонгон шалгаруулж авсан. Ингэхдээ ямар шалгуур тавьсан нь бас л тодорхой бус. Өмнө нь эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан учраас тендерийн талаар ойлголт надад бий. Аливаа тендерт болзол шалгуур гэж байдаг. Үүнийг явцын дунд өөрчлөхөөр шийдсэн бол оролцогч компаниудад 2-3 сарын өмнө урьдчилан мэдэгдэх ёстой. Олон улсын стандарт, тендерийн болзол ийм байдаг юм.
С.Аз