Засгийн газрын гишүүд амарч байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар гишүүдийн амралтыг зохицуулж өгчээ. Засгийн газрын хуралдаан өчигдөр болоогүй нь ийм учиртай аж. Ирэх долоо хоногт ч хуралдаан болохгүй юм байна.
Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нараас бусад нь хоёр долоо хоногийн хугацаатай ээлжийн амралтаа авсан байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг уугуул нутаг Увс аймгийнхаа ойн баярт оролцсон. Одоогоор Хяргас нуурын эрэгт амарч байгаа сураг байна.
Амралттай хэдий ч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга угийн сурсан зангаараа зүгээр сууж төвдөхгүй байгаа бололтой. Тэрбээр саяхан Японд айлчлаад ирсэн юм. Амарсан ч гэсэн салбарынхаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж яваа тухай дуулддаг.
Увсын наадмыг улстөржүүлж бужигнуулсан Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар ч нутагтаа тухалсан сураг байна. Төрийн гурван өндөрлөгөөс Д.Дэмбэрэл л Хөвсгөлд амарч явна.