УИХ-ын гишүүн Х.Жекейтэй ярилцлаа. Тэрбээр Хууль зүйн байнгын хорооны даргын үүргийг түр хугацаагаар гүйцэтгэж байгаа аж.
-Та ажиллаж байна уу. Өнөөдрийн байдлаар Төрийн ордонд Ц.Сэдванчиг та хоёроос өөр гишүүн алга.
-Хаврын чуулган завсарласан хэдий ч Байнгын хорооноос төлөвлөсөн ажлууд хэвийн үргэлжилж байна. Ажлын хэсгүүд ажиллаж байна. УИХ амардаг байгууллага биш. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн байх ёстой. Олон аймгийн тэгш ой энэ жил тохиож байгаа учраас далимаар нь гишүүд орон нутагт, тойрогтоо ажиллаж байгаа. Мэдээж нутаг орондоо дэлгэр сайхан цагаар очсон хэн ч ажил, амралтаа хослуулах нь ойлгомжтой. Ажил хэвийн, намрын чуулганы бэлтгэл үргэлжилж байгаа. Миний хувьд тойрогтоо ажиллаад ирсэн. Өнөөдрийг (баасан гаригт ярилцав) хүртэл ХЗБХ-ны даргыг орлож байна. Д.Одбаяр дарга өнөөдөр хотод ирсэн байх ёстой.
-Д.Дондог гишүүний эрхийг түдгэлз үүлэх асуудлаар УЕПГ-аас танай Байнгын хороонд гурван ч удаа хандахад татгалзсан хариултыг Д.Одбаяр дарга өгсөн. Одоо Х.Наранхүү гишүүний асуудал яригдаж магадгүй болж байх шиг. АТГ-ынхан түүнтэй холбогдох хэргийг шалгаж байгаа гэсэн. Таныг Байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэх үед гишүүдтэй холбоотой зүйл яригдав уу?
-Д.Дондог гишүүнтэй холбоотой асуудлаар Д.Одбаяр дарга албан ёсны тайлбар өгсөн байна лээ. Намайг ажиллаж байх үед гишүүдтэй холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй. Бичиг ирээгүй.
-Ээлжит бус чуулган зарлах нь уу. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэхээс эхлээд шил шилээ даран хүлээсэн асуудлууд байгаа бололтой юм билээ?
-Ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй. УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах ёстой гэвэл болно. Засгийн газраас саналаа оруулж бас болно.
Одоогоор бидэнд албан ёсоор хэлж, ярьсан зүйл алга.
-Тавантолгойн төсөлд санал авахаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Засгийн газраас хүргүүлсэн. Зөвлөлөөр хараахан хэлэлцээгүй байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ. Тавантолгойн ордын анхны экспорт хийгдээд эхэллээ?
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр бий. Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, сонгуулийн амлалтаа биелүүлэх гээд хамтарсан Засгийн газрын дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх ёстой зорилтууд бий. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бидэнд албан ёсоор танилцуулаагүй учраас үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.
-Танай байнгын хорооноос намрын чуулганаар ямар хуулийн төслүүд батлуулах вэ?
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Тэнд байгаа асуудлуудаа дарааллын дагуу хэлэлцэнэ. 2012 оны төсөв, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 2012 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлын хүрээний олон төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байх учиртай. Тэдгээрийгээ хэлэлцэнэ. Тавантолгойн асуудал ч энэ дотор багтаж байгаа. Сонгуулийн сүүлийн жил учраас амлалттай холбоотой асуудлуудыг түлхүү анхаарах болов уу.
-Сонгуулийн жилийн төсөв хэлэлцэнэ. Нэлээд тэлэлттэй төсөв батлах болов уу. Та хэрхэн төсөөлж байна вэ?
-Төсвийн ерөнхий багц орж ирээгүй. Яам, газрууд ажиллаж байгаа байх. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төсвийн төслийг оруулж ирэх байх. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв их тэлэлттэй байгаа. Стратегийн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэллээ. 2000 оны нэгдсэн төсвийг одоогийн төсөвтэй харьцуулахын аргагүй.
Арван жилийн өмнөх улсын төсвийн зардал 400- гаад тэрбум төгрөг байв. Тэгвэл өнөөдөр хэдэн их наядаар яригдаж буй. Зөвхөн 2000 оны улсын хэмжээний хөрөнгө оруулалтын зардал гэхэд 24 орчим тэрбум төгрөг байсан бол одоо 500-600 тэрбумаар яригдаж байна. Хөгжлийн томоохон боломжууд гарч ирсэн. Тэр хэрээр төсвийн зардал өсөж байгаа. Түүнээс бус үрэлгэн зардал учиргүй нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгаар төсвийг боловсруулж, УИХ хэлэлцэж батална гэдэгт найдаж байгаа. Сонгуульд зориулсан төсөв өөрөө улс төр шүү дээ.
-Дараагийн сонгуульд зориулагдсан улс төр эхэлчихлээ. Та юу бодож байна вэ. Зарим сайтаар 2012-2016 оны УИХын гишүүдийг нэрлэж ч байх шиг. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг сонин хачин юм их явж байгаа бололтой. Таны хувьд дараагийн сонгуульдаа бэлтгэж байгаа зүйл байна уу. Шуудхан асуухад, Та нэр дэвших үү?
-Ямар ч улстөрч дахин сонгогдохоо л боддог шүү дээ. Сонгогдохын тулд амласнаа биелүүлэх ёстой. Биелүүлснээ тайлагнаж сурталчилах ёстой. Би ч тэр зарчмаар ажиллаж байна. Зарим хүн ярьдаг. Олон сонгогдсон хүн хэрэггүй ч гэх шиг. Зарим нь болохоор шинэ хүн хэрэггүй гэж.
Төрд хосолмол, залгамж чанар байх ёстой. Туршлагатай улс байх ёстой. Шинэ залуу үе байх учиртай. УИХ бол асар том сургууль. Хашир, туршлагатай хүмүүс залгамж үеэ бэлтгээд л явдаг шүү дээ. Би сонгуульд бэлтгэж байгаа. Үүнийгээ нуухгүй. Би сонгогчдодоо ойрхон ажилладаг. Хэдэн сонгуулийн өмнө хувь хүн мөрийн хөтөлбөртэй ордог байсан бол одоо намын хөтөлбөрөөр өрсөлддөг.
-Баян-өлгийчүүдэд амласан танай намын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү?
-2008 онд амласан зорилтуудын ихэнх нь биелсэн. Зөвхөн Баян-Өлгий аймагт сүүлийн гурван жилд 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 2000 онд улсын хэмжээний хөрөнгө оруулалтын зардал 24-хөн тэрбум төгрөг байлаа. Тэгвэл одоо нэг аймагт л тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаагаас Монголын хөгжлийн цар хүрээг харж болохоор байна. Баян-Өлгий аймгийн бүх сум эрчим хүчээр хангагдлаа. Одоо томоохон багийн төвийг эрчим хүчтэй холбох ажил хийгдэж байна. Нэгээс бусад бүх сумын эмнэлгийн барилга шинэчлэгдлээ.
20-иод жил томоохон хэмжээний засвар хийгдээгүй байсан аймгийн төвийн автозамыг шинэчлээд дуусаж байна. Баян-Өлгийг ОХУ-тай болон Мянганы замтай холбох замууд тавьж байгаа. Зарим сумыг холбож эхэлсэн. Энэ мэт ололт байна. Үүнийгээ үргэлжлүүлэхийн тулд дахин сонгогдохын төлөө ажиллана. Сонгуулийнхаа амлалтаа биелүүлчихээд нэр дэвшинэ гэж бодож байна.
-Өрсөлдөөн ямар байна вэ. Намаасаа нэр дэвших боломж хэр байна?
-Бүх зүйл өрсөлдөөнтэй байдаг. Би гурван удаа нэр дэвшээд хоёрт нь сонгогдсон. Дөрөв дэхиэ өрсөлдөнө гэж бодож байгаа. Хүн болгон шахуу л “Би нэр дэвшинэ” гэх байх. Тэгэхийг нь буруутгах арга байхгүй. Намын хамт олон, сонгогч олон л шийднэ. Өрсөлдөөн харин шударга байх ёстой. Надтай өрсөлдөх олон хүн бий байх.
Го.Энхтөр