Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 21-23-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны тэргүүн дэд сайд Пак Сок Хван Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхжээ.
Уг айлчлалыг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны чиглэл, төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж Ц.Элбэгдорж онцолжээ. Тэрбээр цааш хэлэхдээ “БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны “Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн харилцааг “Иж бүрэн Түншлэлийн харилцаа”-ны төвшинд шат ахиулж, “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулах нь хоёр орны харилцааг шинэ шатанд гарган, хөгжүүлэх чухал алхам болох юм.
Хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Үүнийг дагаад хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хялбаршуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалаар энэ талаар тодорхой тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна.
Ноён Ли Мён Бак ногоон хөгжлийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, санал, санаачилга дэвшүүлж ажилладаг. Хоёр орон цаашид ногоон хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд байгальд ээлтэй технологи, эрчим хүч, ус, ой, байгаль орчны нөхөн сэргээлтийн болон хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой” гэв.