МАХН-ын дэд даргын албыг хүлээлгэн өгч буйгаа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр мэдэгдсэн. Гэвч намынхан нь түүнийг дэд дарга хэвээр хэмээн үзэж буйгаа өчигдөр мэдээллээ. Эрхэм гишүүний дээрх мэдэгдлээс үүдээд Н.Энхбаяр Ц.Шинэбаярыг ашиглаад хөөлөө, таарамжгүй харилцаа үүссэн гэх мэт мэдээлэл гарсан. Тиймээс МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооноос энэ бүхэнд тайлбар өгөхийг хүсчээ.
Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Н.Энхбаяр дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын хооронд ажил болон хувийн асуудлаар ямар нэг зөрчил гараагүй” гэв. Энэ талаар хэвлэлийнхэнд тайлбар хийхийг Н.Энхбаяр даргаас хүссэн ч тэрбээр “Бидний хооронд асуудал гараагүй учраас тэгэх шаардлагаг үй” гэсэн хариу өгсөн гэнэ. Мөн тэд өмнө нь ч “Ц.Шинэбаяр ажлаа өгч буйгаа албан ёсоор мэдэгдээгүй.
Тэгээд ч асуудлыг намын бага хурлаар шийднэ” гэж байсан юм. Намынх нь бага хурал өнгөрсөн сард болсон ч тухайн үед Ц.Шинэбаяр гишүүн өвчтэй байсан учир очоогүй, улмаар чөлөөлөх эсэхийг нь шийдэж чадаагүй аж. Тиймээс Ц.Шинэбаяр одоо ч МАХН-ын дэд дарга хэвээр гэлээ.
МАХН удахгүй шинэ байрандаа орно, тэндээ дэд даргадаа өрөө тохижуулж буй аж. Үүнээс гадна тус намын гурван ч нарийн бичгийн дарга ажлаа өгөхөө мэдэгдсэн билээ. Энэ талаар ч тэд тайлбар өгөв. “С.Молор-Эрдэнэ үзэл бодол нийлэхгүй болсноос намаасаа гарчээ.
Ю.Атар нь намын нарийн бичгийн дарга болохоор багшийн ажлаа хийж чадахгүй, улмаар орлого нь багасна гээд уг ажлаас татгалзсан гэнэ. Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Өрнөхбаярын тухайд ажлаа сайн хийж чадаагүй учир чөлөөлсөн юм байна.