Монголын улс төр амарч байна. Уг нь улирлаас үл хамааран төрийн ажил үргэлжилж байх ёстой ч энэ зарчим УИХ-д үйлчилдэггүй гэхэд болно. Хаврын чуулган завсарламагц эрхэм түшээд гадаад, дотоод руу хувийн болон хувьсгалын ажлаар морддог. Төрийн ордон эзгүйрч хоцордог. Уг нь энэ үеэр Засгийн газар долоо хоногийн лхагва гаригт нэг хуралдаад эзгүйрсэн ордныг амь оруулдаг байв. Гэтэл Засгийн газрынхан энэ сарын 17 хүртэл амарчихсан. “УИХ-ын гишүүн ч гэсэн хүн. Тэд бас амраг л дээ” гэх хүн гарч болох юм. Хаврын чуулганы дараа л тэдэнд амсхийх боломж гардаг хэмээн Тамгын газрын дарга Ц.Шаравдорж учирлаж байсан нь бий.
Амарч болно оо. Гэхдээ ажлаа дуусгаагүй байж найрлаж, наадсаар намартай золгож таарахгүй. Хэдийгээр хаврын чуулганы ажлын биелэлт 81 хувьтай гарсан ч хэлэлцэхээр төлөвлөсөн гол гол асуудлаа дуусгалгүй завсарласан шүү дээ. Сонгуулийн хууль, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл түшээдийн амарч дуусахыг хүлээн тоосонд дарагдаж хэвтэнэ. Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хавар, намрын чуулганы эхлэх, дуусах хугацааг хуульчилчихсан.
Тиймээс ажлаа дуусгаагүй ч Дэгийн хуульдаа “ороогдоод” завсарласан. Ингэхдээ “Ээлжит бус чуулган зарлаад асуудлыг шийдчихнэ” хэмээн олны амыг тагласан билээ. Чуулган ч завсарлаж, наадам ч залгав. Улсын наадмын дараа аймаг аймгийн ой, ийм тийм даншиг дараалан болж, өнөөх гишүүд нь найрын асарт “шавар бурхан” болон зугаалж өгөв. Ээлжит бус чуулган зарлаж, томоохон асуудлуудыг шийдэх талаар УИХ-ын дарга ч ам ангайсангүй. Нийслэлээс голдуу сонгогдсон “зугаалах” газаргүй гишүүд л хааяа нэг Төрийн ордноо эргэж байна. Тэднээс ээлжит бус чуулган зарлах сураг байгаа эсэхийг лавлав.
“Есөн сар хүртэл бүтэхгүй биз дээ” гэсэн хариу л сонслоо. УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс энэ талаар асуухад “Ээлжит бус чуулган зарлах эсэх талаар Тамгын газарт мэдэгдсэн зүйлгүй байна. Засгийн газар энэ сарын 17 хүртэл амарчихсан байхад есдүгээр сар хүртэл ээлжит бус чуулган хуралдахгүй байх” гэлээ. Есдүгээр сар л гарахгүй бол төрийн ажил эхлэхгүй, найр дуусдаггүй “уламжлал” бий болсны жишээ энэ. Талын нэг тарчихсан гишүүд нь тэр болтол цуглах ч үгүй биз. 2012 оны сонгууль хаяанд ирчихсэн, хуульд өөрчлөлт оруулах, зөвшилцөх, иргэд, улс орны эрх ашгийг тусгасан сайн хууль батлах эсэх талаар бодож толгойгоо өвтгөхийг айргандаа “согтсон” түшээд санахыг ч хүсэхгүй байх шиг. Олон улсын анхаарлын төвд байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг батлах, түүнд юу тусгахаас олон зүйл хамаарна. Манай УИХ-ыг амарч дуусахыг дэлхий харин хүлээх болов уу даа.