Хэдэн сарын тэмцлийн дүнд МАХН нэрээ “аварч” чадсан тус намынхан дотроо бужигнаантай байна. Нэрээ авахын төлөө МАН-тай хийсэн тулаанд ялалт байгуулсныхаа дараа тэд том улс төр хийхээ мэдэгдэж байв. Гэтэл байдал нэг л бишдээд явчих юм. МАХН-ын буурийг сахиж, намаа аврахаар УИХ дотроос анх дуугаа гаргасан Ц.Шинэбаяр замын дунд зорилгоосоо татгалзсан нь хямралын эхлэл болжээ. Дорнодоос сонгогдсон танихг үй шахам гишүүн МАХНаа аврах түр штаб байгуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүнээс татгалзаж…. гээд л нэг хэсэг хэвлэлийн “од” болоод авав.
Олон нийт ч түүнийг овоо таньдаг болсон. Түүний ард Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр суугаа нь ч тодорхой болж, МАХН-ын даргын суудлыг эзлэв. Дэд даргынх нь албан тушаал “тэмцэгч” гишүүнд ногдсон. МАН-аар элдвээрээ хэлүүлж, бүр “Миний араас хүмүүс дагаж мөрддөг, утас чагнадаг болсон” гэх мэтээр хүнд нөхцөлд хэдэн сар тэмцээд үр дүнг нь үзсэн. Ингээд бүх зүйл эхлэх гэж байтал Ц.Шинэбаяр дэд даргаас татгалзах нь тэр. Н.Энхбаяр түүнийг ашиглачихаад өшиглөлөө гэх мэт мэдээлэл ч цуврав.
Эрхэм гишүүн өөрөө “Би МАН-аас гараагүй. Гишүүн хэвээр. Гагцхүү албан тушаал эцсийн зорилго биш, түүнээс татгалзаж болдгийг харуулж байгаа юм” хэмээн тайлбарласан. МАХН-ынхан нь байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, “Ц.Шинэбаяр намаас гараагүй. Асуудлыг эцэслэн шийдээгүй” гэж мэдэгдэж байлаа. “Хаа ч цуг гэж мэдээрэй” Дээрх маргааныг эцэслэх учиртай хурал нь өнгөрсөн сард болсон. Дүрэм ёсоор бол Ц.Шинэбаяр албан тушаалаас татгалзах тухай бичгээр намын даргадаа мэдэгдэх учиртай гэнэ. Түүнийг нь дарга тунгаана, дараа нь бага хурлаараа хэлэлцэнэ. Гэтэл энэ бүх шатыг шууд алгасаад хэвлэлээр зарлаж орхисонд намын нөхөд нь тунирхжээ. Үе үе МАХН-аас тайлбар хийдэг ч Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр хоёрын хооронд “дайн” дэгдсэн тухай мэдээлэл тасарсангүй. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Дүрэм, ёс зүйн хорооноос нэгэн аргаа барсан гэмээр мэдэгдэл хийв.
Бага хурал нь болдгоороо болж, хүсэлтийнх нь дагуу дэд даргыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх байтал “хэргийн эзэн” байдаггүй. Тэр үед Ц.Шинэбаяр гишүүн өвчтэй байж таарчээ. Ажлаа өгмөөр байгаа хүний асуудлыг эзгүйд нь шийдэж болоогүй юм биз дээ. Тийм болохоор Ц.Шинэбаяр дэд дарга хэвээрээ байгаа хэмээн мэдэгдсэн юм. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр хоёрын хооронд юу ч болсон бай, МАХН-ын гишүүд олон нийтийн нүдэн дээр дэд даргатайгаа хаа ч цуг гэдгээ харуулахыг эрмэлзэв. Гэхдээ “Ц.Шинэбаяр дүрмээ мэддэггүй, дур мэдэн цочмог шийдвэр гаргадаг” гэх мэтээр цаагуур нь муулаад амжсан. Дүрмээ судалсангүй юү Сонгууль дөхөөд хаа сайгүй өөрийгөө сурталчлах аянд улстөрчид морджээ.
МАХН-ыг аварч, дараа нь албан тушаалаас татгалзаж чаддагаа харуулж байгаа Ц.Шинэбаяр үнэхээр намынхаа дүрмийг мэддэггүй байсан уу. Эсвэл зүгээр л шоу юу. Дэд дарга хийхгүй ээ гээд байхад нь “Заавал чамаар хийлгэнэ” гээд байгаа намынхныхаа мэдэгдлийг юу гэж үзэж байгааг түүнээс асуув. “Тэд мэдэгдлээ хийх үеэр би хөдөө байсан, мэдээгүй л дээ” гэснээс өөр тайлбар өгсөнгүй. Юутай ч өнөөдөр түүний байр суурь ил болно гэнэ. Ц.Шинэбаяр гэдэг “шүдний өвчин”-өөс гадна МАХН-д нарийн бичгийн дарга нарынх нь асуудал бий. НН-ын гишүүн атлаа МАХН-ын төлөө цогтой тэмцэж явсан С.МолорЭрдэнэ нарийн бичгийн дарга хэмээх албанаас татгалзсан. Хэд хэдэн ч нарийн бичгийн дарга нь алга урвуулсан билээ. Том улс төр ярих нь бүү хэл тогоон доторх үл ойлголцлоо шийдэж чадахгүй хямарчээ, МАХН.
С.ТУУЛ