МАХН нэрээ цээжээрээ хамгаалж, хэдэн сар тэмцсэний эцсийн үр дүн нь энэ болж таарав. Зургаан сарын тэмцлийн дараа МАХН нэрээ авч, намын дэд дарга болсон тэр эхлээд уг албан тушаалаасаа татгалзсаныг бид мэднэ. Гэвч намынхан нь “Тэр дарга хэвээр” хэмээн үзсээр байсан. Үүний хариуг Ц.Шинэбаяр бүр ч цочмогоор өгөв бололтой. Тэрбээр МАХН-ын гишүүнээс татгалзаж буйгаа өчигдөр мэдэгдэл гаргаж илэрхийлсэн байна. МАХН-ын дэд даргаас татгалзсаныхаа дараа тэр ард түмний улс төр хийхээр шийдэж, “Хамуг Монгол эвсэл” байгуулсан. Бөөн юм болж авч үлдсэн МАХН-аа орхих болсны учир нь уг эвсэлтэй холбоотой аж. Эвслийнх нь үйл ажиллагааг МАХН-ынхтай хольсон мэдээлэл гарч, улмаар үүгээрээ ард түмний улс төрийг саармагжуулахыг оролдож байгаа гэж үзсэн учир ийм алхам хийхэд хүрсэн гэнэ. Мөн эвслээ байгуулснаас нь хойш ирэх болсон элдэв заналхийллээс ард түмний улс төрийг “аврах” алхам нь бололтой.
Ард түмний улс төрийг аль нэг намын бодлого мэтээр ойлгуулахгүйн тулд эхэлсэн ажлаа тууштай үргэлжл үүлэхийг МАХН-ынхандаа захиад шийдвэрээ тэр гаргажээ. Ард түмний эрх ашгийг давах зүйл байхгүй гэдгийг мэдэгдэлдээ онцолсон байна лээ. Одоо тэр намын биш, ард түмний улс төрөө үргэлжлүүлэх юм байна. Нэг ёсондоо Ц.Шинэбаяр бие даасан улс төрөө эхэлж буй аж. Түүнээс цөөн зүйл тодрууллаа.
-МАХН-ыг аврахын төл өө тэмцэж явсны эцэст ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь юу байв?
-Намд элсэх, намаас гарах нь тухайн хүний эрхийн асуудал. Биднийг нам байгуулах, мөрийн хөтөлбөр, дүрэм журам боловсруулах тухай ярьж байхад эх орноо худалдахаас ч буцахгүй нөхөд өөртөө ашигтай хууль баталж, гэрээ хэлэлцээр хийж байна. Үүнийг зүгээр хараад суух ёсгүй. Бид хурдан ажиллаж, үүний эсрэг тэмцэх ёстой. Би өмнө нь намын дэд даргаас татгалзсанаа мэдэгдэж байсан. Нэгэнт дэд даргын ажлыг хийхгүйгээс хойш намын ажлыг цалгардуулаад яах вэ гээд энэ шийдвэрийг гаргасан. Намаас гарлаа гээд эх орноо, газар шороогоо худалдахын эсрэг тэмцэхээ зогсоож байгаа хэрэг биш. Харин ч илүү хүчтэй тэмцэх болно.
-Гишүүнээс татгалзсан тухай өргөдлийг намын даргад өгч, тэд хэлэлцэх ёстой юу. Батлахаа буцааж өгсөн үү?
-Намын гишүүн хэн ч бай гарах, орохдоо даргатай заавал зөвлөлдөнө гэсэн юм байхгүй. Батлахаа аваагүй байсан. Өргөдлөө өгсөн, тиймээс одоо сул хүн болсон.