2012 оны сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн бүсгүйчүүдийг чадавхжуулах ажил эхэлжээ. АНУ-ын Эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Монфиминит” үндэсний сүлжээ байгууллагаас уг төслийг хэрэгжүүлсэн байна. 30- аас доош ба дээш насны бүсгүйчүүд хэмээн ангилж сургалтаа явуулсан нь бусдаас онцлог болсон аж. Уг төслийн сургагч багшаар ажилласан “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаатай ярилцлаа.
-Бүсгүйчүүдийн улс төр дэх оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх зорилготой төсөл байсан гэсэн. Хэчнээн эмэгтэйг хамруулсан бэ?
-Төв, Хөвсгөл, Дундговь, Баян-Өлгий, Увс, Завхан, Дархан-Уул, Орхон гэсэн найман аймагт энэ төслийг хэрэгжүүлсэн. Уг байгууллагаас аймаг, орон нутагт сургалт зохион байгуулах сургагч багш нараа шалгаруулаад, хоёр ч удаа сургалтад хамруулан чадавхжуулсан. Нийт 20 багш бэлтгэж, сургалтын тусгай хөтөлбөр боловсруулсан. “Монфиминит”-ээс сургалтад хамруулах хүмүүстээ тодорхой шаардлага тавьсан юм билээ. 30-аас дээш насны ангилалд орон нутагтаа сонгуульд нэр дэвших хүсэлтэй, эсвэл сонгуулийн менежерээр ажиллах сонирхолтой гэх мэтээр улс төрийн мэдрэмжтэй эмэгтэйчүүдийг хамруулахыг эрмэлзсэн. Тиймээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас төлөөлөл оруулаад, энэ ангилалд нэг аймгаас 20 эмэгтэй хамруулсан. 30-аас доош насныхны тухайд улс төрийн туршлага харьцангуй бага учир тэдэнд мэдээлэл, мэдлэг олгох замаар идэвхийг нь сэргээхийг хичээсэн юм. Нэг аймгаас насны хоёр ангиллаар 40, нийт 320 эмэгтэй оролцсон.
-Сургалтын үр дүн гарч байна уу, бүсгүйчүүдийн улс төрийн оролцоо сэргэсэн болов уу?
-Сургагч багшаар ажилласан хүний хувьд их өгөөжтэй болсон гэж үзэж байгаа. 2012 оны сонгуулийг угтаж, орон нутаг дахь эмэгтэйчүүдээ чадавхжуулах, зохион байгуулалтад оруулахыг зорьсон. Тиймээс эндээс тэд зөвхөн сургалтад сууж, мэдээлэл аваад зогсохгүй, 2012 он хүртэл ямар стратегиар, сонгогчтойгоо хэрхэн хамтарч ажиллавал амжилт гаргаж болох тухай төлөвлөгөөгөө хамтарч боловсруулсан. Цааш цаашдын сонгуулиар идэвхтэй ажиллах суурийг тавьсан болов уу. Энэ сарын 5-нд сургалт явуулсан аймгуудад үүний дагуу ямар арга хэмжээ өрнүүлж байгаа талаар видео хурал хийсэн. Мэдээллээ солилцсон. Мөн энэ сарын 11, 12-нд сургалтад хамрагдсан хүмүүсийн төлөөллийг цуглуулж, цаашдаа яаж ажиллах арга зүйн сургалт зохион байгуулсан л даа.
Бүсгүйчүүд маань сурсан мэдсэнээ цаашдаа сумдадаа түгээж, таниулах төлөвлөгөө гаргасан байна. Ажиллах урам, идэвхтэй болсон нь харагдаж байна лээ. Орон нутагтаа санхүүгийн нөөц бүрдүүлье, яаж гэдгээ төлөвлөсөн байсан нь урамтай санагдсан. Зохион байгуулж буй арга хэмжээнүүдээс ажиглахад 2012 оны сонгуульд бүсгүйчүүд идэвхтэй оролцох хандлагатай болжээ. Хичээл заагаад ярилцаж байхад тэд “Орон нутагт чадварлаг улстөрч бүсгүйчүүдийг ирүүлээч. Бид дэмжиж ажиллая. Бид улстөрч эрчүүдэд итгэж, сонгож үзлээ. Юу ч өөрчлөгдсөнгүй, амьдрал, асуудал хэвээр байна. Одоо эмэгтэйчүүдийг дэмжиж, хамтарч ажиллаад үзье” гэж байсан.
-Төслийн дараагийн шатыг хэзээнээс хэрэгжүүлэх бол?
-Сургалт их үр дүнтэй болсон учир сургагч багш нарын зүгээс “Монфиминит”-д бүх аймагт төслөө хэрэгжүүлээч гэсэн санал тавьсан. Төслийг үргэлжлүүлэх эсэхийг санхүүжүүлсэн АНУ-ын Эмэгтэйчүүдийн сан шийдэх байх. Би Төв, Увс, Завханд ажилласан. Эдгээр нь нэлээд онцлогтой аймаг байсан л даа. Тухайлбал, Завханы ИТХ-д есөн эмэгтэй төлөөлөгч, хэд хэдэн суманд Засаг дарга ажилладаг. Эмэгтэйчүүдийн байгууллагын сүлжээ нь өргөн, идэвхтэй ажилладгаараа Монголдоо тэргүүлдэг.
С.ТУУЛ