УИХ-ын дэд дарга, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд өчигдөр Канадын хоршоодын холбооны Ази, Америкийг хариуцсан бүсийн захирал хатагтай Лидъя Макуч Филлифсийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. УИХ хоршооллын хөдөлгөөнийг хөгжүүлэх талаар бодлогын томоохон баримт бичгүүд батлан гаргаж, иргэд ажиллах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч буйг дэд дарга Н.Энхболд онцолсон байна. Мөн талууд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн талаар санал солилцжээ.
Канадын хоршоодын холбоо 1998 оноос манайд хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Тухайлбал, санхүүгийн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай, өндөр мэргэжлийн канад зөвлөхүүд Монголын хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодод зөвлөгөө өгөх хөтөлбөрийг 2010 оноос Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа гэнэ. Мөн энэ сард 10 зөвлөх Баян-Өлгий, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймагт ажиллаж буй юм байна.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд эдгээр төсөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд 100 гаруй жилийн түүхтэй Канадын хоршоодын холбооноос суралцах зүйл их байгааг дурджээ. Мөн энэ өдөр Австралийн худалдааны төлөөлөгч ноён Дэвид Лоусон УИХ-ын дэд даргад бараалхсан байна. Манай хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ хугацаанд цөөнгүй салбарт хамтын ажиллагаатай болжээ. Манай улстай хамтрах сонирхолтой компаниудын талаар хэлэлцэхийг дээрх эрхэм зорьсон аж. Монголд үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой 100 гаруй компани бий гэнэ. Тэд зөвхөн манай уул уурхайг биш боловсрол, эрүүл мэндийн салбарыг сонирхож байгааг тэр уламжилсан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бараа, бүтээгдэхүүн экспортолдог Австралийн 130 гаруй аж ахуйн нэгж, компани бий аж. УИХ-ын зүгээс хоёр орны хамтын ажиллагаанд анхаарч, дэмжин ажиллахыг дэд дарга Н.Энхболд онцолжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.