Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах талаар гадаадын зарим улстай гэрээ байгуулахаар зэхэж байгаа тухай мэдээ сүүлийн өдрүүдэд дотоод, гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан боловч тус газрын дарга ирээгүй учир хойшлогдлоо. Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулах үүргийг удаа дараа авсан
Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат хоёр ч удаа ийнхүү ирээгүй тул асуудлыг хэлэлцэх боломжгүй болгож байна. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ ажлаа хийж чадахгүй байгаа, цөмийн хаягдлын талаар элдэв шуугиан гараад байхад мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой, үнэн зөв мэдээллийг олон нийтэд тайлбарладаггүй, бодлого нь хэрэгжиж өгдөггүй, салбарын уялдаа холбоо байхгүй энэ байгууллагын удирдлагатай хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.
Ирэх долоо хоногийн хуралдаанд тус байгууллагын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон ажлаа танилцуулахыг хатуу үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.