Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден манай улсад айлчлаад буцлаа. Түүнийг ирэх сургаар л Монголд цөмийн хаягдал булах гэж байна, энэ тухай гэрээг баталгаажуулах зорилготой айлчлал гэсэн мэдээлэл гарсан. Айлчлалын үеэр ийм асуудал хөндсөн үү?
-АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөр, агуулгыг ГХЯ нэгтгэсэн. Үүнд цөмийн хаягдлын талаар нэг ч үг байгаагүй. Ерөнхийлөгчид бараалхахдаа хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ерөнхий зүйл ярьсан. Миний авсан мэдээллээр Ерөнхий сайдтай уулзахад ч энэ талаар ганц үг яриагүй. Надаас олон хүн энэ тухай асуусан, би “Үгүй” гэж хариулж байна. Наанаа “үгүй” гэчихээд цаанаа гэрээ хийчихсэн юм биш үү гэсэн хардлага хүмүүст бий. Тийм зүйл байхгүй ээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байх хугацаанд цөмийн хаягдлыг эх орондоо булшлах талаар нэг ч яриа гаргахгүй. Өмнө нь ч ийм яриа гарч байгаагүй гэдгийг Тамгын газрын даргын хувьд албан ёсоор хэлье. АНУ, Японы сониноор манайд цөмийн хаягдал булах гэж байгаа тухай бичсэн гэдэг. Ерөнхийлөгч энэ талаар Засгийн газарт “Ийм мэдээллийг хэн, яагаад гаргав.
Монголын ямар нэгэн албан тушаалтан аль нэг газар явж байхдаа бидэнд мэдэгдэлгүйгээр ийм мэдээлэл өгсөн байж болзошгүй. Тийм бол тэр албан тушаалтныг олж хариуцлага тооц” гэсэн чиглэл өгчихсөн. Мөн наадмын дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай биечлэн уулзаж, дээрх мэдээллийг гаргасан орнуудын Элчин сайдыг дуудаж, Монголын байр суурийг албан ёсоор илэрхийл. Шаардлагатай бол ноот бичиг хүргүүл гэсэн үүрэг өгсөн.
-Монголд аль хэдийнэ цөмийн хаягдлыг булчихсан юм байна гэсэн айдас олон нийтийн дунд бий. АНУын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдены айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хоёр хүнээс бусад нь тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан нь...?
-Монголд нэг ч грамм цөмийн хаягдал булаагүй гэдгийг баталгаатай хэлье. Айлчлалын үеэр ийм асуудал хөндөөгүй. АНУ-ын Дэд ерөнхийл өгчийг Ерөнхий сайд урьсан. Нарийн зүйлийг түүнээс болон Гадаад харилцааны сайдаас асууж болох байх.
-Маргааш болох Энхийн их наадмын ард мүүнийн шашинтнууд бий. Гэтэл уг арга хэмжээг Ерөнхийл өгчийн ивээл дор зохион байгуулж буйгаараа Төрийн тэргүүн уг шашныг дэмжлээ гэсэн шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Төрийн тэргүүн Дэлхийн монгол туургатны холбооны хүндэт ерөнхийлөгчийн албатай. Уг холбооны таван жилийн ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр ГХЯ-нд эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт ерөнхийлөгчийн хувиар ГХЯнд болох Дэлхийн монголчуудын V их хуралдайд очиж үг хэлнэ. Хүн гаралтай улсуудын Энхийн их наадам маргаашнаас эхэлнэ. Засгийн газраас тогтоол гаргаж, уг наадмыг зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатараар ахлуулан байгуулсан. Энэ хоёр зүйлийг холиод байх юм. Муу л бол захын хар овоохой гэдэг шиг Ерөнхийлөгч рүү бүхнийг чихэж байна.
-Гэхдээ уг наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна гээд байгаа шүү дээ?
-Аливаа асуудлыг Ерөнхийлөгчийн ивээлд авах эсэх захирамжийг Тамгын газрын дарга гаргадаг. Гэтэл би ийм захирамж гаргаагүй. Энэ талаар хүсэлт тавьсан. Засгийн газар Ажлын хэсэг гаргаад зохион байгуулж байхад би захирамж гаргах хэрэггүй гэж үзсэн. Ер нь Ерөнхийлөгчийн ивээлд аливаа асуудлыг авна гэхээр хөрөнгө мөнгөөр дэмжинэ гэсэн үг биш. Тухайн асуудлын ач холбогдол, агуулгыг л илүү өргөж байгаа хэрэг юм.
-Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийг нэгтгэж, Дотоод хэргийн сургууль байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Үүнийг Та бүхэн хууль бус гэж үзэж байгаа гэсэн. Шалтгаан нь юу юм бол?
-Засгийн газар долдугаар сарын 6-нд 229 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг гаргасан. Уг тогтоолоо хэрэгжүүлэхийн тулд дээрх сургуулиудын дэргэдэх цэргийн анги, нэгтгэлийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүйгээр татан буулгах асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Цэргийн ангийг татан буулгах, шинээр байгуулах асуудлыг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөх ёстой. Батлан хамгаалах тухай хуулийн 8.1.3, Засгийн газрын тухай хуулийн 27.2 дахь заалтыг Засгийн газар зөрчсөн гэсэн үг.
Уг хуулийн дагуу Ерөнхий сайд Ерөнхийлөгчид асуудлаа танилцуулж, зөвшилцдөг. Тиймээс бид Засгийн газарт “Хуулийн дагуу зөвшилц, тэгж байж уг шийдвэр баталгаажих ёстой” гэсэн бичиг явуулсан. Үүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оюутнуудад сард 70200 төгрөгийн тэтгэлэг олгох тухайд “Төсөвт хөрөнгө нь суувал л өгнө” гэж ярьсан байна лээ. Энэ тухай хуулийг УИХ баталсан. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний дагуу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс оюутнуудад 70200 төгрөгийн тэтгэлгийг өгөх ёстой. Хэчнээн оюутан байгаа, тэтгэлгийн нийт төсөв хэд болох тухай тооцоог Засгийн газар хийчихээд ирэх оны төсөв боловсруулахдаа тусгах ёстой.
Гэтэл салбарын сайд нь энэ тухай тооцоог одоо болтол Сангийн яаманд өгөөгүй байна. Үүнийг хийх нь сайдын ажил. Мөн уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, БСШУЯ хоёр журам боловсруулж батлах ёстой. Одооноос батлуулахгүй бол амжихгүй. Засгийн газар энэ бүхнийг хийхийн оронд хууль хэрэгжүүлэх ч юм шиг, үгүй ч юм шиг зүйл ярьж буйд нь гайхаж байна. Байнгын хороод хуулийг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавих байх. Мөн “Хүний хөгжил” сангаас оюутны сургалтын төлб өрт 491960 төгрөг шилжүүлэхээр шийдсэн. Оюутнуудаа дэмжих зөв ч энэ нь цаашдаа сонгуулийн амлалт болчих вий гэх айдас байгаа.
-Ерөнхийлөгч оюутнуудад сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг олгох хууль санаачилсан. Энэ ч бас сонгуулийн мөнгөн амлалт биз дээ гэх хүн гарах л байх даа?
-Ерөнхийлөгч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оюутнуудыг дэмжихээр тусгасан. Мэдлэг олж авахаар сурч буй хөдөлмөрийг үнэлж, тодорхой хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох гэж байгаа юм. Ерөнхийлөгч энэ утгаар нь хандсан.
С.ТУУЛ